Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Намбарын Энхбаярыг боорлосон найман жил

З.Болд, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 10
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Намбарын Энхбаяр одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 оноос  эхлэн дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогджээ. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан юм. Ингээд 2000 оны долоодугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогдов. Дараа нь 2004-2005 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч тавдугаар сарын 24-нд болсон санал хураалтын дүнгээр АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж нийт сонгогчдын 51.24 хувийн саналыг авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ийн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг хувийн саналаар ялагдсан Намбарын Энхбаяр 2009 оны зургаадугаар сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг Цахиагийн Элбэгдоржид өгч, албан тушаалаасаа буусан юм. Үүнээс хойш найман жилийн хугацаа өнгөрөв.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

2009-2010 он: Тэрбээр 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Өнгөрсөн хугацаанд миний хийсэн ажил, хийх ёстой гээд барьж авсан ажил гэх юм уу, надаар хийлгэх гэж хүмүүсийн хүсэж шахсанаар татагдаж орж хийсэн, хийж байгаа ажил ч гэх юм уу, бүгдийг нь ерөнхийлөөд үзэхэд дөрвөн хэсэгт хуваагдаж  байгаа юм.

Нэгдүгээрт, төрийн бус байгууллагууд байгуулж, нийслэл хот  болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдэд туслалцаа үзүүлэх ажил явуулж байна. “Шинэ гудамж”, “Хөдөөгийн хөгжил” гэсэн ТББ-ууд байгуулж, ажиллаж байгааг хүмүүс мэдэх байх.

Ер нь хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэхэд ганцхан төр засгийн хийж байгааг харж хүлээж суух буюу идэвхгүй байхаас гадна иргэдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлж, тэдний төрийн хүнд суртал, авлига хээл хахуулийг давж ажиллах өөрсдийнх нь чадварыг сайжруулбал нөөц бололцоо их байдаг.

Хоёрдугаарт, хуучин хашиж байсан алба, гүйцэтгэж байсан ажил үүргийнхээ хүрээнд гадны олон хүн, байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Тэдгээрээс олон улсын хуралд оролцох, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд сонирхож буй сэдвүүдээр үг хэлэх, лекц унших санал ирдэг. Тухайлбал, Мароккод болсон хурал дээр “Өнөөгийн дэлхий дахинд тулгамдсан асуудлууд” сэдвийн хүрээнд “Зүүн хойд Ази, Төв Ази дахь тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавилаа. Өмнөд Солонгос, Ливан зэрэг улс оронд айлчлав. Төр, засгийн төлөөлөгчид, бизнесийн болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзаж, хэвлэл мэдээллээр улс орноо таниулах, сурталчлах ажил хийлээ.

Энэ мэтээр олон улсын харилцааны чиглэлээр хурал зөвлөгөөнд оролцох, зарим улс оронд айлчилж, хоёр улсын хоорондын харилцааг өргөжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж явна.

Гуравдугаарт, бизнесийн томоохон төслүүдийг дэмжих санаатай байна. Яавал зөв бизнес, зөв төслийг дэмжиж болох вэ гэдгийг судлан ажиллаж байгаа.

За, дөрөв дэх нь бол ойлгомжтой. Улс төр. Нэгэнт орсон бол хүн улс төрөөс гарч чаддаггүй юм байна. Ялангуяа улс төрд над шиг гүнзгий орсон хүн улс төрөөс гарч чадахгүй юм байна, хамгийн гол нь гаргах ч үгүй юм байна.

Улс төр миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болчихож, өөрөөр хэлбэл улс төр намайг тавихгүй юм байна.

Улс төр миний амьдралын нэгэн салшгүй хэсэг болчихож, өөрөөр хэлбэл улс төр намайг тавихгүй юм байна. Би бусад шиг дуугүй дүмбийж сууснаар, эсвэл сургаал айлдсанаар санаа амарч чадахгүй. Тэгэхсэн гэж бодсон ч, хүссэн ч Монголын маань өнөөгийн нөхцөл, байдал намайг зүгээр, санаа амар  суулгахгүй юм байна. Ард иргэд маань хот суурин газар, шинэ гудамжид амьдрах зайлшгүй хэрэгцээтэй болсон байхад, хөдөө хүн шиг амьдрах шаардлага улам тулгамдсан асуудал болоод байхад, олон улсын харилцаа өөр түвшинд гарч идэвхжиж байхад, бизнесийн томоохон төслүүдийг Монголын ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлага тавигдаад байхад, өнөөгийн төр засаг эдгээр асуудлыг оновчтой шийдэж чадахгүй байхад, шийдэхийг хүсэхгүй байхад би хийдгээ хийчихсэн гээд биеийн амрыг харж амаа үдээд, гараа хумхиад зүгээр суух боломжгүй байна.

Амиа бодох уу, ард түмнээ бодох уу гэсэн асуулт тавигдаж байна гэсэн үг. Амиа бодвол биеийн амрыг харж дуугүй сууна, ард түмнээ бодвол төр, засгийнхны дургүйг нь хүргэхээс айж, залхууралгүй болохгүй, бүтэхгүйг нь хэлж ярьж, шаардаж засуулахын төлөө зүтгэнэ. Миний сонголт тодорхой” гэсэн байдаг.

2010.9.27: Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” нэртэй хөдөлгөөн байгуулж тэмцэхээр болов.

2011.1.27: МАХН-ын Онц их хурал болж, түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр оролцов.

2011.1.28: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Онц их хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар МАХН-ын дарга болов.

2011.3.1: “Эх орон шударга ёс” хөдөлгөөн байгуулж жижиг намуудтай хамтран ажиллах гэрээ үзэглэв.

2012.4.10: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр энэ үеэрээ “…Энэ сарын 12-нд Төрийн ордонд долоодугаар сарын 1-ний хэргийн талаар шинэ баримт дэлгэнэ” гэв.

2012.4.12: МАХН-ын дарга Н.Энхбаяр долоодугаар сарын 1-ний асуудлаар мэдээлэл хийлээ. Долоодугаар сарын 1 болон 2008 оны сонгуулийг будлиантуулсан асуудлаарх 200 гаруй хуудас протокол дэлгэн тавилаа.

2012.4.13: МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр оройн 20:00 цагийн үед Удирдлагын академийн ойролцоо хамгаалагчдын хамт явж байхад нь АТГ-ын ажилтнууд баривчлахыг оролдов. Шөнийн 02:00 цаг өнгөрч байхад тэнд байсан нөхцөл байдал намжиж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “…Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг үргэлжлүүлнэ” хэмээгээд түүнийг саатуулаад байсан байрыг орхин явсан ч үдэш нь Удирдлагын академийн ойролцоох буюу Н.Энхбаярын байгаа байрны гадна талд цагдаа нар эргэн цугласан. Цагдаа нар байрны хаалгыг эвдэн дотогш орсон бөгөөд тэд байшин дотор МАХН-ын дарга Н.Энхбаярыг хайн, бүх өрөө, хаалгыг шалгаж байгаад 06:05 цагийн орчимд түүнийг албадан баривчилж, цагдаагийн хамгаалалттай машинд суулган авч явсан юм.

2012.4.14: Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын “Монголросцветмет”-ийн орчимд байдаг албан байрыг АТГ-ынхан нэгжив.

2012.4.16: “Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөн өрнөөд гурав дахь өдрөө болов. Нийслэлийн хэмжээнд хоёр өдрийн дотор 8,000 хүн гарын үсгээ зурсан бол улсын хэмжээнд 40,000 хүн гарын үсгээ зуржээ. Энэхүү хөдөлгөөнд жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд ч нэгдэж байгаа бөгөөд Сүхбаатарын талбай дээр гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байлаа.

2012.4.18: МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймаг дахь Цагдан хорих газраас ард түмэндээ хандаж захидал илгээв. Түүндээ “…Өнөөдөр Н.Энхбаярыг хууль зөрчин баривчилснаар өнөөгийн олигархын дэглэм багаа бүрэн хууллаа. Тэдэнд ардчилал хэрэггүй, ард түмний эрх ашиг хамаагүй, тэдэнд албан тушаал нь, авлига хээл хахууль, өөрсдөө хагартлаа баяжих нь хэрэгтэй юм байна. Эрх баригчид багаа хуулж үнэн хэрэг дээрээ гаднын гар хөл болсон дарангуйлагчид мөн гэдгээ харууллаа” гэжээ.

2012.4.18: МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулж ард түмний батлан даалтад гаргахаар цуглаан хийж байсан тус намынхан ойрын үед 30 мянган хүний жагсаал зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг бүрээс төлөөлөл оролцуулахаар болж бүртгэж эхэлсэн байна.

2012.4.20: Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр болон “Өргөө” зочид буудлын хувьчлалын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж худал мэдээлэл тарааж, өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр төрөө сэргээлгэж, 100 сая төгрөг гаргуулж авахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ. Чингэлтэй дүүргийн шүүх 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр уг асуудлыг хэлэлцэж, Н.Энхбаярын нэхэмжлэлийг буцааж түүний төлсөн 650 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгожээ.

2012.4.24: “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” хөдөлгөөнийхөн энэ өдрийн 13:00 цагт “МАХН-ын дарга Н.Энхбаярыг сулла” хэмээх жагсаал зохион байгуулна гэв.

2012.4.26: Энэ өдрийн үдээс хойш Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Энхбаярын өмгөөлөгчдийг байлцуулан АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт тавьсан Н.Энхбаярыг яллагдагчаар татах хүсэлтийг хүлээн авч, хоёр сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.

2012.5.4: МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаар болсон гэдгээ өмгөөлөгчдөө мэдэгджээ.

2012.5.7: Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад өнөөдөр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

2012.5.9: Урьдчилан хорих 461 дүгээр  ангид хоригдож байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлыг харгалзан, эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн үзэж, Клиникийн нэгдсэн II эмнэлэг рүү шилжүүлжээ.

2012.5.12: Н.Энхбаярын бие хүнд байгааг эмч нар мэдэгдлээ.

2012.5.15: СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “…Сонгуульд нэр дэвших нээлттэй байгаа” гэв.

2012.5.21: Сүхбаатар дүүргийн шүүгч М.Алдар, Тамгын албаны дарга Э.Батмөнх нарын хүмүүс Клиникийн II нэгдсэн эмнэлэгт очиж, МАХН-ын дарга Н.Энхбаярт яллах дүгнэлт танилцуулсан байна.

2012.6.3: Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг бүртгэх эсэх асуудлыг ЦЕГ, АТГ, ШШГЕГ-аас тус тус лавлагаа авсны дараа шийдвэрлэхээр хойшлуулжээ.

2012.6.6: СЕХ хуралдаж Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг СЕХ-ны гишүүд олонхын саналаар гаргалаа.

2012.7.31: МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал эхлэв.

2012.8.2: Анхан шатны шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноов.

2012.9.26: Н.Энхбаярт оноосон ялыг хэвээр баталлаа.

2012.12.7: Н.Энхбаярт оноосон ялыг 2.6 жил болгон бууруулав.

2012.12.19: Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг МАХН-аас дэвшүүлэх асуудлыг МАХН-ын Бага чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлэхийг уулзалтад оролцогчид санал болголоо. Уг асуудлыг МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцэн шийдвэр гаргахаар тогтсон байна.

2013.5.11: МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо. Н.Удвал сайдыг Бага чуулганд оролцсон гишүүдийн 95 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахаар болсон байна. Анхны эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаараа Н.Удвал өвөрмөц сонголт мэт харагдаж байгаа ч Н.Энхбаярын санаанд оромгүй хийсэн сонголт ийн олон хүнийг гайхширууллаа.

2013.6.27: СЕХ-ноос 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг албан  ёсоор мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж 622,794 санал авч  50.23 хувиар ялалт байгуулсан байна. Харин МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520,380 хүний саналтай 41.97 хувь, МАХН-аас нэр дэвшигч 80,563 хүний саналтайгаар 6.5 хувийг авсан байна.

2013.8.1: МАХН-ын дарга Н.Энхбаяр суллагдлаа.

2014.8.6: МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан мэдээлэв.

2015.10.1: МАХН-аас сонгогдсон ИТХ-ын 200 төлөөлөгчийн зөвлөлгөөн Төрийн ордонд болсон. Бүтэн өдөр үргэлжилсэн тус зөвлөлгөөнийг хааж, намын дарга Н.Энхбаяр үг хэлсэн юм. Тэрбээр “…2016 оны сонгууль бидний хувьд сонгуулийн хувьсгалын жил болно” хэмээн мэдэгдэв.

2015.12.16: Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Н.Энхбаярын ялыг намрын өршөөлийн хуулиар өршөөсөн” хэмээн жиргэв.

2016.4.18: МАН, МАХН хоёр сонгуульд хамтарч орох болсноо мэдэгдэв.

2016.4.19: МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас 2016 оны сонгуульд ямар нэгэн нам эвсэлтэй эвсэхгүй дангаараа оролцох  шийдвэр гаргажээ.

2016.4.22: УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “…Н.Энхбаярын ял Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар өршөөгдчихсөн” хэмээн хэвлэлд ярив.

2016.5.28: МАХН-ын Бага чуулган хуралдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших саналтай гишүүдээ тодруулсан байна. Гэвч тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг нэр дэвшүүлэхгүй гэснээс үүдэж МАХН-ынхан өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

2016.5.30: МАХН-ын Н.Энхбаяр тэргүүтэй, гишүүд дэмжигчид нойтон өлсгөлөнгөө 22 цагийн орчимд зогсоолоо.

2016.5.31: ХЭҮК-оос Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн дүгнэлтийг гаргав.

2016.6.2: Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлсэн Н.Энхбаярыг ялтай хугацаа нь дуусаагүй гэдэг цагдаагийн тодорхойлолтыг үндэслэж бүртгэхээс татгалзжээ.

2016.6.2: МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр “…Намайг  өршөөлийн хуульд хамрагдсан гэсэн шалтгаар сонгуульд бүртгэхээс татгалзаж, таван жилийн дараа таны ял чинь арилна хэмээн гүжирдсэн. Энэ тухай Ерөнхийлөгчийн тамгын газрын хуулийн зөвлөх хүн ч ингэж ярьсан. Энэ нь Ц.Элбэгдоржоос даалгавартай гэдэг нь мэдэгдээд байгаа юм.  Цагдаагийн газраас хууль бус үйл ажиллагаа явуулсан. Цагдаагийн байгууллага нь өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын гарт орж, Сонгуулийн ерөнхий хороо МАНАН-гийн гар хөл болсон байна. Ард түмэндээ хандаж хэлэхэд сонгуулийн үйл явцыг сайн ажиглаарай, МАН болон АН намууд ийм бусармаг аргаар сонгуулийг луйвардах гэж байгаа нь шударга сонгууль явагдах орчинг байхгүй болгож та бидний сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байна” гэв.

2016.8.8: АТГ-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд хүч түрэн дайрч орж байцаалт өгөхийг шаардав. Нийтдээ 30 гаруй хүн тус намын байранд очиж, түүнээс 10 гаруй хүн Н.Энхбаярын өрөөнд дайран орж дотроос нь түгжин нэг цаг орчим байжээ. АТГ-ын 10 гаруй хүн МАХН-ын даргын өрөөнд орж дотроос нь түгжиж нэлээд удсаны эцэст гарч ирсэн. Энэ үеэр тэнд очсон хэвлэл, мэдээллийнхэн тус намын дарга Н.Энхбаяраас юу болсныг тодруулсан юм. Тэрбээр “АТГ дайрсан, түрэмгийлсэн, хүний эрхийг уландаа гишгэсэн хэвээр байна. Өнөөдөр Хуримын ордон ачаалалтай байлаа. Мөн хэвлэлийнхэн байгаа учраас намайг баривчлах бохир ажиллагаагаа хийж чадсангүй. Миний өрөөнд байсан хүмүүс утсаар байн байн “Орж болохгүй байна уу” гээд л яриад байсан. Магадгүй ийм олон камерын өмнө би сүүлийн удаа яриа өгч байж ч мэднэ. Гэхдээ би айхгүй” гэж байв. Энэ үеэр МАХН-ын гишүүд, дэмжигчид “Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж өрсөлдөгчдийн зүгээс хууль хүчнийхнээр дамжуулан манай намын даргыг баривчлахаар улайрч эхэллээ. Н.Энхбаяр дарга бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгч шүү дээ” гэцгээж байлаа.

2016.11.28: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны долоодугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хяналтын шатны шүүхээс “…“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ийн 1992 оноос хойш сайд, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг тасралтгүй хашсан Н.Энхбаярын 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаас хойших туулж өнгөрүүлсэн амьдралын товчоон товчхондоо энэ. Өнгөц харахад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ зэрэг хууль хяналтын байгууллага “зүгээр байлгахгүй” байгаа мэт боловч өөрийнх нь хэлдгээр МАНАН бүлэглэл буюу МАН, АН аль алиных нь гарал бүхий томоохон улстөрчдийн нэгдэл энэ бүхний цаана байгааг төвөггүй ойлгож болохоор байна.

Нөгөө талаар тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгснөөс хойш улс төрийн хувьд маш идэвхтэй байж Монголын улс төрд гуравдагч хүчин болтол дэвшсэн МАХН-ыг байгуулж, сонгуульд оролцуулан, УИХ-д суудалтай нам болгож чадсан. Гэвч зөвхөн түүнийг онилсон, гартаа төрийн бүх аппаратыг атгасан улстөрчид Н.Энхбаярыг 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцож сонгогдох эрхийг нь хаасан юм. Харин дээр хамгийн сүүлд дурдсанчлан 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэлгүй хаахаар СЕХ-ны  үндэслэл болгосон ЦЕГ-ын тодорхойлолтыг хүчингүй болгох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргажээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Яг одоо бол Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй байна.

Зураг