Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэжамъян: ОУВС-гийн хөтөлбөрт орохгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах олон гарц байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

МАХН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжамьян, Нарийн бичгийн дарга Б.Тулга болон бусад гишүүд оролцлоо.

Д.Эрдэнэжамъян “ОУВС-гийн хөтөлбөрт орохгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах олон гарц байна. Бид УИХ-ын сонгуулиар бид манай улс 10 жилийн дотор дэлхийд эхний 30-д орох нөхцөл бололцоотой гэж зорилт тавьж байсан. Жишээ нь Таван толгой орд  байна. Нүүрсний үнэ 200 ам.долларт хүрлээ. Таван тэрбум тонн нөөцтэй энэ ордыг ашиглахад ямар тоо гарах вэ.

Хамгийн багадаа Таван толгойн ордоос энэ улс 100 тэрбум ам.доллар олох боломжтой. Яагаад үүнийг ашиглахгүй байгаа вэ гэвэл Таван толгойг улсад биш хувьдаа авах сонирхолтой хүмүүс байгаа. Үүнийг бид МАНАН гэж нэрлэдэг. Бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ” гэв.

МАХН-аас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг санаачлан гаргасан. Үүний талаар Б.Тулга “Үндсэн хуулийг өөрчилье гэж бүх нам ярьсан. Гэхдээ МАХН яаж өөрчлөх санаагаа хамгийн түрүүнд гаргалаа. Хаврын чуулганы эхний дөрөв дэх асуудалд Үндсэн хуулийн өөрчлөлт ороод ирсэн байна лээ.

Өнөөдрийн Үндсэн хуулийн үр дүнд Монголын төрийн эрх мэдэл ард түмний гарт биш олигархиудын гарт шилжчихжээ. Тийм учраас үүнийг засаж залруулж, төрийн эрх мэдлээ ард түмний гарт шилжүүлэх үндсэн зорилготой энэ төслийг боловсруулсан” гэв. 


 

МАХН-ын бага хурал өнгөрсөн сард хуралдаж "Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувь, ОУВС-ийн Стэндбай хөтөлбөрийн талаар мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдлийг О.Тулга, Д.Эрдэнэжамьян нар уншиж танилцууллаа.

Мэдэгдэлд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн талаар “УИХ, Засгийн газар болон хууль шүүхийн байгууллагууд Эрдэнэт УБҮ-ийн ОХУ-ын мэдэлд байсан хувь эзэмшлийг Монголын талд шилжүүлэх явцад хууль зөрчин хувийн хэвшлийн байгууллагад зувчуулсан асуудлыг шалган тогтоож, улс, ард түмний зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй.

Түүнчлэн төрийн өмчид байгаа хувьцааг ӨАБНУ-ын банкинд хууль бусаар нууцаар барьцаалсан, эрх мэдлээ хэтрүүлэн хувьдаа завшсан шинжтэй гэмт үйлдпийг шалгах Ажлын хэсгийг УИХ-д байгуулж, нэн даруй олон нийтэд ил тод болгохыг шаардаж байна.

Цаашид Эрдэнэт УБҮ, Монросцветмет ХХК-ийн төрийн мэдэлд шилжин ирсэн хувь хувьцааг монголын ард түмний нийтийн, дундын өмч болгон зарлах, төрийн өмчийн ашиглалт, үр ашигтай байдпыг сайжруулан олон нийтэд нээлттэй, ил тод болгох ёстой” хэмээн дурджээ.

Харин ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн тухай “Монгол Ардын Нам нь 2016 оны УИХ-ийн сонгуулиар ард түмэндээ амалсан амлалтаасаа бүрэн ухарч татварыг нэмэгдүүлэх, цалин тэтгэвэрийг нэмэхгүй байх замаар олигархуудын авсан өр, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийн завшсан мөнгийг ард түмнээр төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

ОУВС гэх олон улсын байгууллагын нэрийг урдаа барьж сонгуулийн амлалтаас ухарч байгаа бол үүнийг өмнөх Засгийн газрын үеийн ажил байдлыг мэдээгүй байснаас үүдсэн гэж үзэх ямар ч боломжгүй ба харин ч мэдсээр байж ард түмнийг хууран мэхэлсэн, хууль бусаар худал амлаж төр, засгийн эрх мэдлийг авсан гэж үзэх болно. Хэрвээ цаашид сонгуулийн амлалтаас ухран буцах, хууран мэхлэх ажлаа үргэлжлүүлсээр байвал МАХН-ын зүгээс УИХ, Засгийн газрыг огцруулах, шинээр УИХ-ын сонгууль явуулахыг шаардах болно.

УИХ, Засгийн газрыг Монгол Улсын эдийн засагт зөв зүйтэй бодит үнэлэлт өгч, цалин тэтгэвэрийг цаг алдалгүй нэмэх замаар эдийн засгийн хямралаас гаргах арга замыг хайж олохыг Ард түмний нэрийн өмнөөс шаардаж байна” хэмээжээ.