Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Германы засгийн газрыг Нацист гэж нэрлэхгүй байхыг Туркээс Меркель шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Турк улс ирэх дөрөвдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулж ерөнхийлөгч Эрдоган хүч нөлөөгөө нэмэгдүүлэхээр бэлдэж байгаа. Ингэхдээ тэр хилийн чанадад суугаа иргэдийнхээ саналыг авах төлөвлөгөөтэй байгаа юм. Хамгийн олон Турк хүн оршин суудаг Европын орнуудын нэг Германд тэрээр өөрийн сурталчилгааг хийх хүсэлтэй байгаа ч Берлин хүлээж авахгүй байна. Гэтэл Анкарагийн эрх баригчид үүний хариуд Германы засгийн газрыг “Нацист арга барилтай” гэж шүүмжлэх болсон юм.

Өчигдөр Германы холбооны канцлерь Ангела Меркель Туркэд хандаж Берлиний эрх баригчдыг “Нацист” гэж нэрлэхээ зогсоохыг шаарджээ.

Тэр бас Туркийн дотоодын зөрчлийг Германы нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхын тулд бүхнийг хийнэ гэж хатуу анхааруулсан байна.

Меркель “Турк гаралтай Германы иргэд, мөн Германд удаан хугацаанд оршин суугаа Турк хүмүүст хандаж хэлэхэд – Та нар бол манай улс үндэстний нэг хэсэг шүү” гэж хэлсэн байна.

Герман дахь туркүүдэд ухуулга, сурталчилгаа хийх зорилготой Эрдоганы төлөөлөгчдийг нэвтрүүлэхийг Берлин хориглосноор НАТО-ийн хоёр том гишүүн орны дунд хагарал үүсээд байгаа юм.

Меркель “Германыг Нацизмтай холбож ярихыг даруй зогсоох ёстой. Ингэж харьцуулах нь хоёр орны харилцаа болон хүн ардад ашиггүй” гэж мэдэгджээ.

Гэвч Анкара хэдхэн цагийн дараа энэ үгийг дахин хэлсэн байна. Орон утгийн телевизийн сувгаар ярихдаа Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавушоглу “Бид засгийн газрыг нь Нацист гээгүй. Харин тэдний үйлдэл нь тэр үеийг санагдуулж байгаа юм” гэж хэлсэн байна.

Зөвхөн Герман биш, Австри улс Европ даяар Туркийн санал асуулгын өмнөх сурталчилгааг хориглохыг уриалжээ.

Швейцарийн засгийн газар мөн өөрийн нутаг дэвсгэрт ийм үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргаад байна.

 

Эх сурвалж: Reuters