Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хувь заяаг маргааш шийднэ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу Баасан гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хувь заяаг шийдэх гэж байна.

Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь зайлуулах эсэхийг Үндсэн хуулийн шүүх маргааш өглөөний 11:00 цагт хуралдаж шийдэхээр болсноо Лхагва гарагт зарласан юм.

Сөүлийн төвд байрлах шүүхийн байранд болох энэ хурлыг телевизээр шууд дамжуулах гэнэ.

Үндсэн хуулийн шүүхийн гишүүн есөн шүүгчийн зургаа нь дэмжвэл ерөнхийлөгчийг албан тушаалаас нь зайлуулах юм. Ингэсэн тохиолдолд ерөнхийлөгч тэр дороо ажлаа өгч, 60 хоногийн дотор ээлжит бус сонгууль явагдаж шинэ ерөнхийлөгч тодорно.

Хэрвээ Пак Гын Хэ суудалдаа үлдвэл, ээлжит сонгууль хүртэл буюу ирэх арванхоёрдугаар сар хүртэл албаа хаших юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэг төрийн нууцыг дотны найз Чой Сүүн Силтэй хуваалцдаг байсан, шийдвэр гаргах явцад саналыг нь тусгадаг байсан, Чой хатагтайн хувийн сангуудад томоохон компаниудаас хандив авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж байгаа. Мөн 2014 онд 300 гаруй хүн амиа алдсан Севол хөлгийн ослын үеэр хариуцлага алдсан гэж үзэж байгаа юм. Пак Гын Хэг огцруулах саналыг парламент гаргасны дараа Үндсэн Хуулийн Шүүх гурван сарын хугацаанд хэргийг шалгаж, 25 гэрчийг дуудан 20 удаагийн сонсгол хийжээ.

Ерөнхийлөгчийн суудлаас нь зайлуулах шүүх хурал Өмнөд Солонгосын түүхэнд хоёр дахь удаагаа болох гэж байна. Үүнээс өмнө ерөнхийлөгч асан Ро Му Хёныг огцруулах шүүх хурал 2004 онд нэг удаа болж байсан. Тэгэхэд үндсэн хуулийн шүүх Ро Му Хёныг буруугүйд тооцож, эргүүлэн албан тушаалд нь томилсон юм.

Хэрвээ маргааш Пак Гын Хэг огцруулахыг шүүх дэмжвэл Өмнөд Солонгосын түүхэнд анхны хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа зайлуулагдсан ерөнхийлөгч болно.

 

Эх сурвалж: Korea Herald