Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улсын тэргүүн цөлд нуугдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Исламын улс бүлэглэлийн сүүлчийн том эзэмшил болох Мосул хотыг Иракийн арми чөлөөлөхөөр тулалдаж байгаа. Харин энэ үед тус террорист байгууллагын тэргүүн Абу Бакр аль Багдади Мосулаас гарч, элсэн цөлд нуугдаж байгаа гэсэн мэдээллийг Америк, Иракийн албаныхан дамжуулжээ.

2014 онд хойд Иракийн Мосул хотыг эзлэн авснаас хойш Багдади энэ хотод байрлаж байсан юм.

Мосулын ихэнх хэсгийг алдсан тул түүнийг хотоос гарч, элсэн цөлд толгой хорогдож байгаа гэж тагнуулынхан үзэж байна. Багдади байрлалаа илчлэхгүйн тулд холбоо харилцаа бараг хийлгүйгээр байрлалаа хоногт хэд хэдэн удаа сольж байгаа гэнэ.

Түүнийг цөлийн аль нэг жижиг тосгонд, энгийн иргэдийн дунд нуугдаж байж болзошгүй гэж үзэж байна.

Хоёр жилийн өмнө Исламын улс бүлэглэлийн хүч оргил үедээ байхад хойд Сириэс эхлэн Тигрис, Евфрат мөрнүүдийн сав дагуу Иракийн Багдад хотын зах хүртэл өргөн уудам нутгийг захирч байв.

АНУ-ын дэмжлэгтэй Иракийн цэргийн хүч таван сарын өмнө Мосулыг эзлэх довтолгоог эхэлсэн юм.

Энэ оны нэгдүгээр сард Иракийн 100 мянган хүнтэй арми Мосулын зүүн хагасыг чөлөөлсөн бол өнгөрсөн сард баруун хагасыг эзлэх довтолгоог эхлүүлсэн байна.

Исламын улс бүлэглэл Мосулыг алдах нь тодорхой болсныг сүүлийн үеийн мэдээнүүдэд дурдаж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Багдади хамгийн сүүлд мэдэгдэл хийхдээ Мосулын тулаан эхэлснийг зарлаад, өөрийн дагагчдыг эцсээ хүртэл тулалдахыг уриалж байв.

Энэ үеэс эхлэн Исламын улс бүлэглэлийн үйл ажиллагаа хумигдаж, зөвхөн Мосулын тулаанд төвлөрөх болсон байна. Сошиал медиа сувгууд нь ч идэвхгүй болжээ.

Өнөөдөр тэдний твиттер сүлжээн дэх идэвх 2014 оныхтой харьцуулбал 45 хувь буурсан ба 360,000 орчим аккаунт нь хаагдаж, шинээр нээгдсэн аккаунт бүр нь хоёр хоногийн дотор устаж байгаа гэнэ.

Нийт 6,000 орчим жихадист Мосулыг хамгаалахаар үлдсэний талаас илүү нь алагдсан тухай Иракийн засгийн газрын зөвлөх Хишам аль Хашими мэдээлжээ.

Гэхдээ Абу Бакр аль Багдади амиа алдаж, Мосулыг алдсан ч Исламын улс бүлэглэлийн тэмцэл хэсэгтээ үргэлжилнэ гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Багдадиг орлох хүнийг албан ёсоор зарлаагүй ч Саддам Хусайны дэглэмийн үед аюулгүй байдлын албаны офицер байсан Фадел Хайфаг албан бус залгамжлагч гэгдэж байгааг Иракийн тагнуулын эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Independent