Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмет Язал: Бидний хамгийн эртний анд нөхөр, хөршүүд бол Монголчууд

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзаж хоёр улсын харилцаа, ирэх жилүүдэд хийгдэх ажил, тус улсын дотоод, гадаад нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, танилцах уулзалт хийлээ.  

Шинэ Элчин сайд Ахмет Язал нь 1992 онд БНТУ-ын Гадаад хэргийн яамнаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд өмнө нь Балканы орнууд, НАТО-гийн Байнгын төлөөлөгчийн газар, Ирак-Туркийн харилцааны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм.

Тэрбээр БНТУ, Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар “Хоёр улсын ард түмний хооронд маш сайхан харилцаа байдаг. Улс төрийн түвшинд ч хоёр улсын харилцаа маш сайн түвшинд хүрсэн.

Туркийн ард түмэн, хууль ёсны Ардчиллын төлөөх тэмцэлд Монголын ард түмэн маш сайн туслалцаа дэмжлэг үзүүлж ирлээ. Эдийн засаг, худалдааны салбарт төгс харилцаа гэж хэлж болохуйц суурь тавигдаагүй байна. Энэ нь хоёр талаас хүсэл сонирхолгүй байгаа гэсэн зүйл биш юм.

Миний бодлоор хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбар замд гараагүй байгаа машинтай адил. Үүнийг ямар нэгэн байдлаар хөдөлгөх хэрэгтэй.

Манай улсаас дэлхийн бусад улс орнуудтай худалдааны салбарт хөгжүүлж байгаа систем байдаг. Үүнд гадаад худалдаа, аялал жуулчлал давамгайлдаг.

Тухайн улсад ЭСЯ үйл ажиллагаа явуулах, Туркийн Иргэний агаарын тээврийн шууд нислэг байна гэдэг хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлдэг юм.

Гэхдээ Туркийн иргэний агаарын тээвэр Монгол руу шууд нислэг хийж байгаа гэж хэлэхэд хэцүү. Өндөр багтаамжтай онгоцоор шууд нислэг үйлдэгдэж эхэлсэн тохиолдолд хоёр улсын бараа эргэлт, жуулчдын тоо өсөх нь дамжиггүй.

Яг энэ чиглэлээр Монголын төр засгийн байгууллагуудтай Туркийн Иргэний агаарын тээвэр олон жил ярьж байгаа. Суурь нөхцөл нь хоёр улсын Засгийн газарт харилцан ашигтай байх асуудал байдаг.

Зөвхөн зорчигч тээврээс гадна ачаа тээврийн багтаамжийн асуудал ярих ёстой.

Туркээс Монгол руу чиглэсэн аялал жуулчлалын суурь потенциаль их. Туркуудын мэддэг түүхээр бол бид энэ газраас эхтэй. Бидний хамгийн эртний анд нөхөр, хөршүүд бол та нар юм. Энд ирж онцгой мэдрэмж авахыг хүсдэг хүмүүс их.

Жуулчдын тоо өндөр болвол Туркийн аялал жуулчлалын компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Одоогоор Туркийн иргэний агаарын тээврийн нислэг байнга дүүрэн ирж байгаа.

Бидний хүсэж байгаагаар жилдээ 45 мянга орчим жуулчин ирж буй буцдаг байх боломжтой. Үүний тоог Монголын талын хүсэлтээр нэмэгдүүлж болно.

Ойрын хугацаанд бид Туркийн хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад урьж ажиллуулахаар төлөвлөсөн байгаа” гэв.

Элчин сайд ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаар:

  • Иргэний агаарын тээврийн багтаамжийг сайжруулах,
  • Улс төрийн дээд хэмжээний айлчлал зохион байгуулах,
  • Аялал жуулчлал, соёлын салбарт хамтран ажиллах,
  • БНТУ-ын бизнес эрхлэгчдийг Монголд урих,
  • Монгол Улсыг БНТУ-д таниулах зэргийг онцлон нэрлэж байв.

Элчин сайдын мэдээллийн дараа сэтгүүлчдэд БНТУ-ын дотоодод болж буй ээдрээтэй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

 

Энэ талаар “Төрийн эргэлт хийх оролдлого гарсантай холбоотой 130 мянга гаруй хүн ажлаас халагдсан. Үүний 18-19 мянган хүн нь буцаж ажилдаа орсон байгаа.

Ажлаас халах шийдвэр БНТУ-ын шүүх байгууллагаас гарсан биш захиргааны актаар гарсан шийдвэр. Тиймээс халагдсан хүмүүс БНТУ-ын ҮХЦ-д, Европын Хүний эрхийн шүүхэд гомдол мэдүүлэх эрхтэй.

Харамсалтай нь маш олон хүн ажлаас халагдсан учраас шүүх асуудал удааширч байгаа.

БНТУ-ын төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өөрсдийн итгэдэг нууц байгууллагын тушаалаар төр, ардчилсан байгууллын эсрэг үйлдэл гаргасан. Долоодугаар сарын 15-ны шөнө 250 орчим энгийн иргэн амиа алдсан.

Манай улсын төр засгийн хувьд анхаарч байгаа гол асуудал нь бодит бус баримтаар бус хөдлөшгүй баримтаар нотолж, зөв зүйтэй шийдвэр гаргах юм.

БНТУ Европын холбоонд элсэх асуудлаар гэвэл яриа хэлэлцээ үргэлжилж байна. Манай улсад ямар шаардлага тавьж байгааг бид мэдэж байгаа. Манайх Европын холбооны гишүүн болоод зогсохгүй, европын өндөр стандартыг улсдаа нэвтрүүлэх сонирхолтой байдаг.

Манай улс өнгөрсөн хугацаанд Европтой үргэлж харилцаатай байсан, Европын нэг хэсэг юм” гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.