Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Алагдсан Ким Жон Намын хүүгийн дүрс бичлэг

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Ким Хан Сол

Өнгөрсөн сард Малайзад алагдсан Ким Жон Намын хүү Ким Хан Солын дүрс бичлэг YouTube сүлжээнд өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн тарсан байна.

Тэрээр “Миний нэр Ким Хан Сол, Хойд Солонгосын иргэн, Кимийн гэр бүлийн гишүүн” гэж өөрийгөө танилцуулаад “Хэдхэн хоногийн өмнө миний эцэг алагдсан. Одоогоор би ээж, охин дүүгийн хамт байна…” гэхчлэн ярьжээ.

Тэр өөрийгөө мөн гэдгийг батлахын тулд паспортоо үзүүлсэн байна. Гэхдээ камерт ойртуулах үед паспортны хувийн мэдээлэлтэй хэсгийг хаажээ.

Дүрс бичлэгийг Хойд Солонгосын дүрвэгсдэд туслах зорилготой иргэний байгууллага хийж, “Хойд Солонгосын ард түмэнд” гэсэн гарчигтай нийтэлсэн байна.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр дүрс дээр байгаа залуу Ким Хан Сол мөн гэдгийг Үндэсний Тагнуулын Газар баталсан гэнэ.

Ким Хан Сол одоогоор Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дараа Кимийн дэглэмийг залгамжлан удирдах цорын ганц хүн болоод байгаа. Эцэг нь Хойд Солонгосын тагнуулынханд алагдсан гэгдэж байгаа тул Ким Хан Солыг дараагийн халдлагын бай гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм.

Одоогоор талийгаачийн гэр бүл Макаод БНХАУ-ын хамгаалалтад байгаа гэх мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Korea Times