Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Гэр бүлийн, улс орны сайн сайхан ээжүүдээс, эмэгтэйчүүдээс хамаарч явдаг

ikon.mn
2017 оны 3 сарын 8
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордны Их танхимд болов.

Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, та бүхэндээ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж баяр хүргэе.

Монгол түмний уламжлалт их сайхан баяр, цагаан сар болоод удаагүй байна. Энд хүрэлцэн ирсэн нийт ээжүүдтэйгээ золгоё оо.

Манай цагаан сарын үйл ажиллагаа, энэ уламжлалт сайхан баяр маань жилээс жилд сайхан болж байгаа. Ээжүүдийн маань оролцоогоор уламжлалаа хүндэтгэсэн, ахмадуудаа хүндэтгэсэн,  ээж ааваа хүндэтгэсэн, залуучууд нь монгол уламжлал, ёсоо суралцсан ийм  сайхан баяр болж байгаа.

Бас нэг сайхан зүйл нэмэгдэж байгаа нь бидний энэ уламжлалт сайхан баяр жил ирэх тутам архи дарс багатай, агсам согтуу багатай болж байгаад би маш их баяртай байна. Үүнд манай ээжүүдийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Баяруудаа архигүй тэмдэглэж, бие биедээ сайн сайхны ерөөл өргөхдөө сүүнийхээ дээжийг өргөе. Монгол Улс, монголчууд архигүй байхын төлөө явъя гэж олон жилийн өмнөөс ярилцаад энэ чиглэлээр явсан. Одоо энэ ажил маань үр дүнд хүрээд, нийт олны маань дунд ийм соёл, хэвшил тогтож байгаад би туйлын их баяртай байгаа. Цаашаа уламжлалаа хүндэтгэсэн, архи дарснаас хол, ёс уламжлалаа дагасан, ийм болох болтугай гэж бодож байна.

Өнөөдөр гуравдугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд одонтой ээжүүдийнхээ төлөөллийг цуглуулж, ярилцаж, хамдаа баярладаг уламжлал сүүлийн хэдэн жилд тогтоод явж байна. 3 дугаар сарын 8 дөхөөд ирэхээр энэ уулзалтыг сурагладаг, энэ үйл ажиллагаанд оролцох юмсан гэж ээжүүд хүсдэг. Ээжүүдээ баярлуулах гэсэн хүүхдүүд, хань ижил нь сурагладаг, ийм эрэлттэй арга хэмжээ болж байгаа юм. Цаашдаа ч энэ үйл ажиллагаа үргэлжлээсэй гэж бодож байна.

Төрийн ордонд цугласан, улс орны өнцөг булан бүрээс ирсэн нийт одонтой ээжүүдийнхээ нэрийн өмнөөс, биднийг хараад, баяраа тэмдэглээд сууж байгаа нийт ээжүүддээ, нийт эмэгтэйчүүддээ, охиддоо, нийт Монголын ард түмэндээ халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Аливаа улс орны сайн сайхан, амжилттай, гэрэл гэгээтэй зүйл гэр бүлээс эхэлдэг. Айл өрх амжилттай сайн явахын тулд ээжүүдийн оролцоо, үүрэг их байдаг. Айл сайн явъя гэвэл ээжийн хариуцлага, ажил их чухал. Ямар ч эгэл амьдрал ээж хүнээс эхэлдэг гэж би боддог. Гэр бүлийн сайн сайхан тэр гэрийн ээжээс эхэлдэг гэж боддог. Улс орны сайн сайхан ч гэсэн ээжүүдээс, эмэгтэйчүүдээс хамаарч явдаг.

Өнөөдөр ээжүүдийн маань баяр. Эрчүүд бүхэн ээжүүдээ баярлуулах ёстой. Сайхан хань нь ханиа баярлуулах ёстой. Хөвгүүд нь ээжүүдээ баярлуулах ёстой. Зөвхөн нэг өдөр баярлуулдаг биш, ээждээ болж өгвөл өдөр бүхэн, болж өгвөл ярих бүртээ л сайн мэдээ дуулгадаг, сайн яваагаа дуулгадаг л байх юм бол, сайн ажил хийж яваагаа дуулгадаг л байх юм бол энэ бол ээжүүдийн маань баяр шүү дээ. Бүх ээжүүд маань ингэж баярлаж байх юм бол Монголын баяр болно. Өнөөдөр үүнийг хэлье гэж бодсон юм.

Ээжүүдээ баярлуулах бол тийм хэцүү ажил биш. Энгийн ажил шүү дээ. Зүгээр л ээждээ хайртай байх, ээжийгээ дэмждэг, ээждээ сайхан үг хэлчихэд л тэгээд баяр. Зүгээр л ээжээсээ жаахан холдоод явахдаа утсаар ярихад л ээжийн баяр шүү дээ. “Миний хүү яаж яваа бол, миний охин яаж яваа бол” гээд бодож байхад л охиноос, хүүгээс утас орж ирэхэд сайхан байдаг шүү дээ. Яг ингэж ээж рүүгээ хандаж, ээжийгээ баярлуулж явах нь энгийн, эрэгтэй хүн бүхний, эрэгтэй хүүхэд бүхний, сайн хань бүхний хийж чадах энгийн ажил шүү гэдгийг энд бас хэлсэн нь зөв байх аа.

Жил бүхэн та бүхний надад өгдөг цэцэг, та бүхний надад хандсан сайхан хандлага, энэ алга ташилт, энэ бүхэн надад их урам зориг болдог. Та бүхэндээ их баярлаж явдаг шүү гэдгийг хэлье.

Их баярлалаа. Ээжтэйгээ уулзах шиг сайхан байдаг шиг үнэхээр ээжтэйгээ уулзаж байгаа юм шиг ийм сайхан мэдрэмж та бүхний дэмжлэг, алга ташилтыг сонсоод төрж байна. Сайны ерөөлийг тавья. Жил жилд сайхан баяртай уулзаж байхын ерөөл дэвшүүлье. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголын ээж бүхэн баяртай, аз жаргалтай байх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.

 
 
 
 
 

 

Эх сурвалж: president.mn