Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Урт хугацааны тогтвортой бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг АмЧамын уулзалтад оролцогсод онцоллоо

ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2017 оны 3-р сарын 7-ны Мягмар гарагт Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь бизнесийн манлайлагчидтай “Хувийн хэвшлийн манлайлагчдын Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон 2017 оны төлөв байдалд өгөх үнэлэлт дүгнэлт” хэлэлцүүлэг уулзалтыг Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг уулзалтанд М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж. Од, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж. Оюунгэрэл, Вагнер Ази Группийн гүйцэтгэх захирал Стив Поттер болон Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Түен Нгүен нар панелистаар оролцлоо.

АмЧам-ийн гишүүд болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцсон энэхүү уулзалтанд зочин илтгэгчид Монгол улсын эдийн засгийн хэтийн төлөвийг бизнесийн өргөн цар хүрээнд авч үзэж хөдөө аж ахуй, уул уурхай, мега төслүүд болон санхүүжилтийн талаар санал бодлоо хуваалцлаа. 

Мөн түүнчлэн эдийн засгийн төрөлжүүлэлт болон хууль эрх зүйн тогтвортой орчин, ОУВС-ийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр болон энэхүү хөтөлбөрийн хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцлээ.

М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Од хэлэлцүүлгийг эхлүүлж хэлэхдээ 

 

“2017 он Монгол улсад эдийн засгаа төрөлжүүлж, бодлогын зөв шийдвэрүүдийг гаргаж, бүс нутгийн хэмжээнд нээлттэй бас таатай хөрөнгө оруулалтын орчинг бий болгох замаар бодит эдийн засгийг хөгжүүлж ажлын байр бий болгох бодит боломжийг бий болгож байна” гэв. 


Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ

 

“Монгол улс экспортын бараа бүтээгдхүүнээ тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон хувийн хэвшлийг дэмжсэн хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Мөн Монгол улсын  бизнес эрхлэгчдийн хөгжил дэвшлийг дэмжих  шилдэг туршлага болон шинэлэг техник технологиор хангах хөрөнгө оруулагчид хэрэгтэй” гэсэн юм.


Вагнер Ази Группийн гүйцэтгэх захирал Стив Поттер

 

Хэлэлцүүлгийн үеэр Монгол улсыг бусад улсуудтай харьцуулсан судалгаа хийж “Олон улсын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжсэн урт хугацааны тогтвортой бодлоготой байх нь Монгол улс амжилтанд хүрэх боломжийг өсгөх болно” гэв.


Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Түен Нгүен

 

ОУВС-ийн Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр болон хөтөлбөрийн хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн тухайд хэлсэн үгэндээ “ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Засгийн газрын төсөв, санхүүгийн сахилга бат сайжирч улмаар хувийн хэвшлийн өсөлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломжийг бий болгох юм” гэсэн юм. 


АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта уулзалтыг хааж хэлсэн үгэндээ

 

“АмЧам Монгол нь төр болон хувийн хэвшилтэй хамтран хүчирхэг хувийн хэвшил, бизнесийн таатай орчин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  хууль эрх зүйн тогтвортой орчинг Монгол улсад бий болгохын төлөө үүсгэн байгуулагдсан цагаасаа ажиллаж ирсэн ба бид цаашид ч  идэвхийлэн дэмжиж ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэв.

АмЧамын Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.