Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландад яст мэлхийн ходоодноос 915 зоос гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Усан оргилуурт зоос шидэх нь аз авчирдаг гэх мухар сүсэг түгээмэл байдаг. Тэгвэл үүнтэй төстэй заншлаас болоод Тайландын нэгэн яст мэлхийн бие муудаж, хагалгаа хийлгэснээр 915 зоос ходоодноос нь гаргажээ.

Өчигдөр буюу Даваа гарагт Банкок хотод 25 настай тэнгисийн ногоон яст мэлхийнд хагалгаа хийж, ходоодноос нь жуулчдын хаясан их хэмжээний зоосыг гаргасан байна.

Тайландын зүүн хэсгийн Сри Рача хотын усан санд олон жил амьдрахдаа тэр хүмүүсийн хаясан зооснуудыг залгидаг байсан нь ийм үр дүнд хүргэжээ. Тайчууд яст мэлхий рүү зоос шидэх нь урт наслуулдаг гэж итгэдэг гэнэ.

Гэтэл Бэнк нэртэй энэхүү яст мэлхийний гэдсэнд 5 кг жинтэй зоосон бөмбөлөг үүсэж, амь насанд нь аюул учруулжээ.

Ингээд Чулалонгкорн Их сургуулийн таван мэс засалч дөрвөн цагийн хугацаанд ажилласны дүнд зооснуудыг гаргаж авсан байна. Зооснуудын хамт бас хоёр ширхэг загасны дэгээг яст мэлхийний гэдэснээс авсан юм. Өнгөрсөн сарын сүүлээр энэхүү яст мэлхийний тухай Тайландын хэвлэлүүд мэдээлж эхэлсэн ба олон нийт түүний хагалгаанд зориулж 15,000 орчим бат ($427) хандивлажээ.

Тэнгисийн ногоон яст мэлхий нь 80 орчим жил насалдаг, устах аюулд орсон амьтдын жагсаалтад багтдаг юм байна.

 

Эх сурвалж: The Guardian