Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Алтанцэцэг: Эдийн засаг сэргэх хүлээлттэй байна

ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

ОУВС-гийн хөтөлбөр хүнд байдлаас гаргах сонголт

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Алтанцэцэгтэй “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны үр дүн болон ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ярилцлаа. “Төсвийн сахилга батыг сайжруулах нь хамгийн чухал төдийгүй тулгамдаж буй сорилт болж байна” хэмээн тэрбээр тодотгов.

-Хэрэглэгчийн итгэлийн индекст хамгийн сүүлд ямар өөрчлөлт гарсан бэ. Иргэд эдийн засгийн байдлыг ойрын хагас жилд хэр өөдрөг харж байна вэ?

-Хувийн хэрэглээний зардал дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хамгийн том худалдан авагч нь монголын нийт өрхүүд. Албан ёсны статистик үзүүлэлтээр өрхийн хэрэглээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг эзэлж байна.

Өрхүүдээс авдаг хэрэглэгчийн итгэлийн индекс нь 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 78.4 болсон байна. Энэ нь 2015 оны мөн үетэй харьцуулахад 15.5 хувиар өссөн дүнтэй гарлаа. Итгэлийн индексийн энэ өөрчлөлтөд судалгааны бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн. Иргэдийн дунд оны эхний хагаст эдийн засгийн байдал сэргэж, нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд эдийн засагт гарах өөрчлөлтийг илүү эерэг гэж өрхүүд дүгнэлээ.

-Өрхүүд эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Иргэд эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байгааг өнөөгийн байдлын индекс илтгэдэг. Уг индекс жилийн хугацаанд 10.3 нэгжээр буурч 22.3 болсон. Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн орчны нөхцөл байдал тааруу, ажлын олдоц муудсан нь нөлөөлсөн.

-Иргэдийн худалдан авалтын төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт гарсан уу. Ойрын хугацаанд хандлага хаашаа чиглэж байна вэ?

-Өрхүүдээс ирэх зургаан сарын хугацаанд орон сууц, газар, гэр зэрэг үл хөдлөх хөрөнгө, автомашин, цахилгаан бараа болон аялал жуулчлалын үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж буй эсэх, талаар мэдээлэл авдаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар энэ оны эхний хагаст худалдан авалтын хандлага 2015 онтой харьцуулахад эерэг гарсан.

Энэ нь хандлага нааштай байна гэсэн үг. Иргэд өмнө нь худалдан авалтаа танах чигтэй байсан бол ойрын зургаан сард худалдан авалтаа тэлэх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа, томоохон эд хогшил худалдан авах сонирхол нь нэмэгдсэн. Удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авалтын буурах хандлага эсрэгээрээ эргэсэн.

-Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 1.1 хувиар өссөн. Энэ нь Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны таамгаас харьцангуй өндөр дүнтэй гарсан. Иргэдийн хүлээлт эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай юу?

-Өрхүүд өөдрөг байх үе буюу хэрэглэгчийн итгэлийн индекс 100-гаас өндөр байхад дотоодын нийт бүтээгдэхүүний улирлын дундаж өсөлт 13 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу дээрх индексийн утга 100-гаас бага байхад дундаж өсөлт дөрвөн хувь байна.

Хэрэглэгчийн итгэлийн индексийн төлөв, хандлага эдийн засгийн өсөлт, бууралттай байнгын хамааралтай байж ирсэн. Итгэлийн индекс 2016 оны дөрөвдүгээр улирлаас сэргэж эхэлсэн. Хэрэглэгчийн өөдрөг байдал нэмэгдэж байна. Иргэдийн худалдан авалтын төлөвлөгөөнд нааштай өөрчлөлт гарч байгааг эхэнд тэмдэглэсэн. Чигийн хувьд өсөлт уруудах бус дээшилж байгаа.

-Монгол Улс Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдахаар болж байна. Таны хувьд хөтөлбөрт хамрагдах нь нэн шаардлагатай гэж үзэж байна уу?

-Өнөөдөр тулгамдаж буй асуудлаа шийдэх нэг гарц нь ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" болж байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаар өртэй холбоотой хүндрэлд нааштай нөлөө гарахаар байгаа. Богино хугацаанд эдийн засгийн одоогийн байдлыг сайжруулахад хөтөлбөр ашиг тусаа өгөх нь дамжиггүй.

Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөр нь хүндрэл, хямралаас манай улсын эдийн засаг нэг мөр гаргачих хэмжээний үр нөлөөг авчрах боломжгүй. Зөвхөн нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх, бодлогын алдааг засахад илүү ач холбогдол нь оршиж байгаа. Тиймээс хөтөлбөрт хэт найдах нь өрөөсгөл. Олон жилийн макро эдийн засгийн бодлогын гажуудал өнөөдөр дахин ОУВС-д хандахад хүргэсэн. Бид үүссэн нөхцөл байдлаа сайтар үнэлж, алдаанаасаа сургамж авч, суралцаж чадахгүй байна.

-Төсвийн өндөр алдагдал нь эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан болж байгаа. ОУВС -гийн хөтөлбөр төсвийн алдагдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийг сайжруулахад хэр нөлөөлж чадах вэ?

-Төсвийн сахилга бат суларч, өрийн дарамт өнгөрсөн хугацаанд огцом нэмэгдсэн. Эдийн засаг халах хэрээр төсвийн зардлыг тэлж, алдагдлын хэмжээг жил ирэх тусам өсгөсөн. Эдгээр нь өнөөдрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" нь төсвийн алдагдлыг дунд хугацаанд бууруулахаар байгаа.

ОУВС-гийн зүгээс ч алдагдлаа хумих шаардлагыг Засгийн газарт тавьсан. Тэгэхээр төсвийн алдагдал ирэх жилүүдэд одоогийн түвшнээс буурч, эдийн засагт ирэх дарамт нь саарна гэсэн үг. Энэ нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг бус эерэг “мессеж” өгч байна. Манай улсын зээлжих зэрэглэл болон бондын үнэлгээнд уг хөтөлбөр тодорхой хэмжээгээр оноо нэмэхээр харагдаж байгаа.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарим татварын хувь хэмжээг одоо байгаагаас нь нэмэхээр болсон. Хэдийгээр энэхүү шийдвэр албажаагүй ч УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед татвар нэмэх нь буруу гэсэн байр суурьтай эдийн засагч цөөнгүй. Та үүнтэй санал нийлэх үү?

-Манай улсад нөхцөлөө сайжруулах боломж хэлэлцээрийн явцад хэр байсныг сайн мэдэхгүй юм. Одоогийн нөхцөл нь магадгүй хамгийн боломжтой хувилбар байсныг үгүйсгэх аргагүй. Үүнээс өөр нөхцөлөөр хөтөлбөрт хамрагдах боломж байсан уу, үгүй юу. Энэ болгоныг дэнсэлж үзэх хэрэгтэй байх. Нөхцөлийн хувьд хатуу, зөөлөн гэж дүгнэхэд эрт байна. Ер нь татварыг шатлалтай болгох хэрэгтэй. Манайх шиг санхүүгийн сахилга бат муутай эдийн засагт татварын шатлал нь нэг талаар автомат тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь сангийн бодлогод эерэг нөлөө авчирна.

-Мөнгөний бодлогыг цаашид хатуу хэвээр хадгалах нь оновчтой гэсэн дүгнэлтийг ОУВС хийсэн. Монголбанкны мэдэлд байсан найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр болж байна. Мөнгөний бодлого хатуу төлөвт байх нь эдийн засаг, бизнесийн орчинд сөрөг нөлөө ихтэй биш гэж үү?

-Төсвийн алдагдал хэт өндөр байгаа нь мөнгөний бодлогын хүүг бууруулах орон зайг өнгөрсөн хугацаанд хумьж ирсэн. Бодлогын хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь төсвийн хоёр оронтой алдагдлаас гадна төсвөөс гадуурх санхүүжилт зохистой хэмжээнээсээ хэтэрсэнтэй холбоотой. Түүнчлэн төгрөгийн ханш сулрах, гадаад валютын нөөц буурах дарамт одоо хүртэл байсаар байна. Эдгээр нь мөнгөний бодлогын хүүг 14 хувьд хадгалах, хатуу байлгахад хүргэж байгаа. Төсвийн алдагдал буурч, өрийн дарамт аажмаар багасах үед мөнгөний бодлогын хүүг өөрчлөх болов уу. Эдийн засагт юуны өмнө тогтвортой байдал хамгийн чухал болоод байна.

  • Богино хугацаанд эдийн засгийн одоогийн байдлыг сайжруулахад хөтөлбөр ашиг тусаа өгөхөөр байна.
  • Төсвийн сахилга бат суларч, өрийн дарамт өнгөрсөн хугацаанд огцом нэмэгдсэн.
  • Хэрэглэгчийн итгэлийн индексийн төлөв, хандлага эдийн засгийн өсөлт, бууралттай байнгын хамааралтай байж ирсэн.

-Эдийн засаг, бизнесийн орчинд төрийн оролцоо хэр их байна вэ. Энэ нь хүндрэл, хямралын эх сурвалж мөн үү?

-Төрийн оролцоог эдийн засаг, бизнесийн салбарт хязгаарлах хэрэгтэй байна. Үндсэн үүргээ төр биелүүлж чадахгүй байж эдийн засаг, бизнес, шүүхийн харилцаанд гар дүрэх нь олширсон. Угтаа өнөөдрийн хүндрэл, хямралын үндсэн эх сурвалж нь төр гэдэгтэй санал нэг байна. Төрийн оролцоо бизнесийн орчинд тогтворгүй байдал үүсгэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үргээх болсон. Мөн зарим хуульд тооцоо судалгаа, үндэслэл муутайгаар өөрчлөлт оруулж байгаа нь дээрх байдалд сөргөөр нөлөөлсөн.

Иргэд болон хувийн хэвшил өөрт буй боломж, нөхцөлд аль болохуйц тохирох бодлого, менежментийг хэрэгжүүлж байна. Бүсээ чангалах байдалд хүргэж байгаа нь манай бодлого тодорхойлогчдын олон жилийн турш төсвийн сахилга батгүй байсны уршиг. Үүнээс болж нөхцөл байдал хүндэрч байна. Эдийн засаг доройтоход төрийн хариуцлагагүй байдал, бодлогын алдаа гол үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс алдаа, дутагдлаа бодитой харах нь чухал. ОУВС-гийн хөтөлбөр бол хүнд байдлаас гаргах сонголт төдийгүй богино хугацааны шийдэл.

-"Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжлээ гэхэд эхний ээлжинд 440 орчим сая ам.доллар манай эдийн засагт орж ирэхээр байгаа. Хөтөлбөр авах сургаар ам.доллар болон бусад валютын ханш ялимгүй буурч байна. Дунд болон урт хугацаанд төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтвортой байх боломжтой юу?

-Богино болон дунд хугацаанд ам.долларын ханш бага зэрэг буурах, улмаар тогтвортой байх боломж, нөхцөл харагдаж байгаа. Гэхдээ урт хугацаанд хөтөлбөрийн нөлөө ханшийн хувьд гарах нь эргэлзээтэй. Учир нь, манай улс ойрын хугацаанд их хэмжээний гадаад өр төлбөрийг эргэн төлөхөөр байгаа. Энэ нь валютын нөөц болон ханшид томоохон дарамт болох бодит эрсдэлийн нэг.

 

Ярилцсан Б.Баяртогтох, ЗГМ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.