Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд архинаас татгалзаж, баярлаж, амарч сурч байна

Н.Пунцагболд
2017 оны 3 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол түмний уламжлалт баяр цагаан сар шувтрах тийшээ хандаж байна. Бид “муу нүүрт” хэмээх бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх тахиа жилээ угтлаа. Түүхэндээ бичин жил зуд зурхантай, хатуухан байдаг. Тэгвэл өнгөрсөн жил “Муу нүүрт” тэгтлээ хатуурхсангүй. Гэхдээ улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд муудсан зүйл байсан уу гэвэл тийм.

Тэгвэл “Алтан унжлагат” тахиа жил “алтаар урсч”, ард бидний амьдрал ахуй дээшлээсэй гэж ерөөе. Сайхан жил гарлаа. Үгийн ид шид гэж байдаг бол өнөө жил монголчуудын амьдрал өөдөө дээшээ болох биз ээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд монголчуудын ухамсар, сэтгэлгээ илт өөр болж, талархууштай. Өмнө нь баяр ёслол болохоор л ахиж олдохгүй юм шиг архи ууж, шинийн 1-ний өдөр гудамжаар л дүүрэн согтуучууд дүүрч, энд тэнд унаж тусдаг байсан цаг ард хоцорч. Өнөө жил Улаанбаатарт лав согтуу хүн олж харсангүй. Харагдсангүй. Хүн бүр л иргэдийн ухамсар дээшилж, архи дарснаас татгалздаг болсныг хэлж байна. Мэдээж улс орон хөгжиж буйн хэрээр иргэдийн ухамсар дээшилнэ. Нөгөө талдаа иргэдийн амьжиргаа дээшилж, толгойтой бүхэн унаа тэрэгтэй болчихож. Тийм болохоор машин уначихаад архи уугаад явдаг хүн ховор биз. Энэ шалтгаанаас үүдээд баярын үеэр архидалт эрс багасч байгаа болов уу.

Дээрээс нь замын цагдаагийнхан ч маш сайн ажиллалаа. Сар шинийн баярын өдрүүдэд Замын цагдаагийн алба хаагчид Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан. Замын хөдөлгөөн зохицуулахаар нийт 900 гаруй замын цагдаа, ХСИС-ийн сонсогч, хэв журмын алба хаагч өөрсдөө ч баярлахаа умартан ажиллажээ. Үүнд иргэд ч талархаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архинаас татгалзаж, сүү өргөж байх уриалга гаргасан нь ч ард түмний амьдрал, сэтгэхүйд багагүй нөлөөлсөн гэдгийг хэн хүнгүй хэлж байна. Ерөнхийлөгчийг ийм уриалга гаргаснаас хойш олны танил эрхмүүд ч гэсэн зурагтаар залуусыг архинаас татгалзахыг зөвлөдөг, хэлдэг, ярьдаг болсон. Сая гэхэд л Д.Дагвадорж аварга “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцох үедээ архи уухаа больсон, залуучууд ч гэсэн согтууруулах ундаасаа хол яваарай хэмээн захиж, уриалж байгаа харагдсан. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш гэдэг үг бий. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад залуусын үлгэр дууриалал болсон хүмүүс бор дарснаас татгалзахыг уриалаад эхлэхээр их бага хэмжээгээр нөлөөлж байгаа биз ээ.

Ямар ч байсан Ерөнхийлөгч уриалга гаргаж, санаачилга өрнүүлснээс хойш төрийн байгууллагынхан ажил дээрээ ч хамаагүй архидахаа больсон нь илт мэдрэгдэх болсон. Сум, аймгийн хил дээр биеэ гаргаж өгөх нэртэй архиддаг байсан нь лав цөөрсөн байна лээ. Далдуур, цаагуураа бол бага сага уудаг л байх. Ямар ч байсан ил цагаан архидалт алга болчихлоо шүү дээ. Энэ мэтээр үр дүн гарч л байна.

Мэдээж сайны хажуугаар саар мэдээ ч бас байна. Шинийн 4-ний өдөр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр бол битүүн, шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1,144 дуудлага мэдээлэл хүлээн авсан байсан. Харамсалтай нь сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 14 хүн алтан амиа алдаж, 48 хүн хүнд, хөнгөн бэртэж. Хамгийн гол нь амь насаа алдсан 14 хүний 13 нь хөдөө орон нутгийн замд гарсан ослын улмаас бурханы оронд оджээ.

Энэхүү тоон мэдээллийг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад, зам тээврийн осол 31.3, гэмтсэн хүн 18 нэгжээр буюу 27.2 хувиар буурсан байгаа юм. Энэ бол монголчууд архигүй шинэлсний үр дүн. Хамгийн гол нь орон нутгийн замд осол их гарч байна. Гарсан ослын ихэнх нь онхолдсон, хоорондоо мөргөлдсөн байгаа юм. Орон нутгийн замд иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй. 13 ноцтой ослын ганц хоёрхон нь л согтуу жолоочийн буруугаас болж байгаа байх. Ихэнхдээ хурд хэтрүүлснээс үүдэж байна. Уг нь Улаанбаатар хотод зам тээврийн осол өнгөрсөн жилийнхээс бүр 30 хувиар буурчихаад байхад хөдөө орон нутагт аюул болсоор л. Монголчууд бид хянуулж, цагдуулж байж л дүрэм журмаа биелүүлдэг хүмүүс аж.

Уг нь дүрмээ биелүүлнэ гэдэг өөрсдийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг хамгаалж байгаа л хэрэг. Гэтэл манай иргэд цагдааг ажилтай байлгаж байгаа мэтээр ойлгоод байдаг. Тэгээд замын цагдаа байхгүй, камергүй бол галзуурсан мэт давхина даа. Ийм богинохон бодолтой, ахархан санаатай учраас хөдөө замд гарахаараа л уяанаасаа алдуурсан мэт давхидаг.

Орон нутгийн замд 80 км цагийн хурдтай явах ёстой. Гэтэл 100, цаашлаад 120, 140 км цаг хүртэл давхидаг. Нарийн зам дээр гүйцэж түрүүлэх гэж дайрдаг. Тойрог, даваа гүвээ байгааг ч үл анзаардаг. Үүнээсээ болоод ноцтой осолд орж, өөрийнхөө болоод өрөөлийн амь насыг хохироож байна. Буруу, зөв рультэй машин холилдсоны гай ч их байдаг гэнэ лээ. Үүнийг цэгцлэх цаг болсон байх аа. Дахиад нэг магтчихъя, монголчууд бид архинаас татгалздаг болчихсон. Зөвхөн Улаанбаатар хотод гэлтгүй хөдөө орон нутагт ч гэсэн тэгтлээ архи хэтрүүлэн уугаад, тасарч унаад, гудамжид хэвтээд байгаа юм алга гэсэн. Сайхан ёс төртэй шинэлж, дээл хувцсаараа ч гангараад сурчихаж. Толгойтой болгон хөөрөг зөрүүлж, ёс заншлаа ч дээдэлж эхэллээ. Монголчууд өөдөлж дэвжиж, өөрчлөгдөж байна. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлаж, амарч сурч байна. Браво.

Зураг