Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп визний шинэ хориг танилцууллаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сард муслим хүн ам голлон суудаг долоон орны эсрэг визний хориг тавьсан нь холбооны шүүх дээр унаж байсан бол өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин шинэ зарлиг гаргалаа.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн зарлигт өмнөх долоон орноос Иракийг хасаад үлдсэн зургаан орныг хамруулжээ. Зарлиг ёсоор Иран, Ливи, Сири, Сомали, Судан, Йемен улсуудын иргэдэд 90 хоногийн хугацаанд АНУ-д зорчих ямар нэг виз олгохгүй болж байна.

Өмнөх хоригт багтаж байсан Ирак улсын засгийн газар виз хүсэгч иргэдийнхээ талаар сайтар судалж, АНУ-тай нягт хамтран ажиллахаар болсон тул энэ удаа хоригоос хасагдсан гэнэ.

Үүнээс гадна эдгээр зургаан орноос ирэх дүрвэгсдийг 120 хоногийн хугацаанд хүлээж авахгүй болж байна.

Харин хууль ёсны оршин суух эрхтэй буюу “Ногоон карт” эзэмшигчдэд энэхүү хориг үйлчлэхгүй гэжээ. Үүнээс гадна зарим онцгой тохиолдлуудад, тухайлбал бизнес, эмчилгээний зэрэг шалтгаанаар АНУ-д зорчих бол тохиолдол бүрт нь нарийн шалгаж байж шийдвэрлэх боломж нээлттэй юм байна.

Харин хориг тавигдсан 90 хоногийн хугацаанд АНУ-ын засаг захиргаа шинэ визний бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэх юм. Энэхүү шинэ стандарт шаардлагад нийцээгүй улс орнууд цаашдаа мөн визний хоригт хамрагдах боломжтой гэжээ.

Гэвч Трампын өмнөх зарлигийг эсэргүүцэж байсан бүлгүүд шинэ хоригийг нь бас эсэргүүцээд эхэлсэн байна. “Трампын шинэ зарлиг нь муслимуудыг шашнаар нь ялган гадуурхсан өмнөх хоригийн зүсээ хувилгасан хэлбэр юм” гэж “Peace Action” байгууллагын тэргүүн Жон Рэйнуотер мэдэгджээ.

Ийнхүү Дональд Трамп үндэсний аюулгүй байдлыг хангах нэрийн дор визний хоригоо дахин танилцууллаа.

 

Эх сурвалж: Russia Today