Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

26 настайдаа тэрбумтан болсон Эван Спигелийн тухай 5 баримт

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN

Өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээний Snapchat аппликэшнийг эзэмшигч Snap Inc. компани нээлттэй компани болж, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр IPO хийсэн билээ.

Тэдний нээлтийн арилжаа тун амжилттай болж Snap Inc.-ийн үнэлгээ даруй $33 тэрбумд хүрсэн юм. Үүний дараа компанийг үүсгэн байгуулагч Эван Спигель (CEO), Бобби Мурфи (CTO) нар тэрбумтнууд болцгоожээ.

Ингээд Snap Inc. компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тус компанийн гүйцэтгэх захирал Эван Спигелийн тухай таван баримттай танилцъя.

 

IPO хийсний дараа Спигель $5.5 тэрбумын хөрөнгөтэй болжээ

 

Фортун сэтгүүлд мэдээлснээр Snap Inc. нээлттэй компани болсны дараа Спигелийн хөрөнгийн хэмжээ $5.5 тэрбум болсон байна.

Түүний хамтран зүтгэгч Бобби Мурфи ч ийм хэмжээний хөрөнгөтэй болжээ. Тэд тус бүр 16 сая хувьцаагаа нээлтийн өдөр зарж бэлэн мөнгө болгосон нь $217 саяыг тус тус өвөртөлсөн гэсэн үг юм. Үүний цаана тэдэнд дахиад тус бүр 211 сая хувьцаа эзэмшилд нь үлдэж байна.

2016 онд Спигель компаниасаа хагас саяын цалин авсан бол дээр нь нэмээд $1 саяын шагнал авсан юм. Харин Snap Inc. нээлттэй болсны дараа тэр жилийн $1-ийн цалинтай болж байгаа ажээ.

 

Спигель Стэнфордийн Их сургуульд оюутан байхдаа Бобби Мурфи, Рэгги Браун нарын хамт компаниа байгуулж байв

 

Стэнфордод оюутан байхдаа Бобби Мурфи, Рэгги Браун нарын хамт Snap Inc. компанийг байгуулсан Спигель 2012 онд сургуулиа орхижээ.

Браун 2013 онд Спигель, Мурфи нарыг шүүхэд өгсөн нь Snapchat-ийн санааг өөрөөс нь хулгайлсан гэсэн шалтгаантай байв. Санааг нь авч үлдсэн хоёр түүнийг компаниасаа гаргасан гэж тэр гомдолложээ. Ингээд Браун шүүхийн шийдвэрээр 2014 онд $157.5 саяыг төлбөрт авахаар болсон юм.

Хэвлэлүүд мэдээлж байгаагаар Браун гар утсанд үзэгдээд алга болдог фото мессэж дамжуулах аппликэшн хийх санааг дотуур байрны өрөөний найз Спигельд ярьж байсан гэнэ.

Тэд энэ санаагаа ажил хэрэг болгохын тулд Мурфиг програм бичүүлэхээр нэмж оролцуулсан байна.

 

Спигель 2015 оноос болзож эхэлсэн модель Миранда Керртэй жилийн дараа сүй тавьжээ

 

2015 онд загвар өмсөгч Миранда Керртэй болзож эхэлсэн Спигель 2016 онд сүй тавьж, нэг гэрт оржээ. Тэд 2014 онд Лос Анжелест болсон Louis Vuitton-ий оройн зоог дээр танилцсан гэдэг. Миранда Керр бол Victoria’s Secret брэндийн дотуур хувцасны загвар өмсөгч, Австралийн иргэн юм.

Спигель 26 настай бол Миранда Керр 33 настай.

Керр өмнө нь 2010-2013 онд жүжигчин Орландо Блүүмтэй гэрлэж байжээ. Тэдний дундаас төрсөн хүүг Флинн Кристофер Блүүм гэдэг. Хосууд хэзээ гэрлэхээ зарлаагүй байна.

 

Калифорнид өссөн Спигелийн эцэг, эх нь хуульчид

 

Спигель 1990 оны зургаадугаар сарын 4-нд Лос Анжелест төрсөн, Калифорний уугуул. Эх Мэлисса Томас, эцэг Жон Спигель нар нь хуульчид.

Спигель Лаурен, Каролина гэдэг хоёр эгчтэй. Эцэг эх нь 20 орчим жил хамт амьдарсны эцэст 2008 онд салжээ.

 

Спигель, Керр нар Харрисон Фордын Лос Анжелес дахь харшийг $12 саяар худалдаж авчээ

 

Өнгөрсөн оны тавдугаар сард Спигель, Керр нар Лос Анжелесийн ойролцоох Брэнтвүүдэд $12 саяар үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан юм. 1951 онд боссон энэхүү харшийг өмнө нь жүжигчин Харрисон Форд эзэмшиж байжээ.

1 акр газар дээр боссон 665 метр.кв талбайтай сууц нь 4 унтлагын өрөө, 6 ариун цэврийн өрөө, усан сан, биеийн тамирын танхимтай.

Спигель 2014 он хүртэл эцгийнхээ байрыг хөлслөн сууж байгаад Брэнтвүүдэд $3.3 саяар гурван унтлагын өрөөтэй сууц анх удаа худалдаж авч тусдаа гарч байжээ. 

 

Эх сурвалж: Heavy.Com