Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп сонгуулийн үеэр утсыг нь чагнасан гэж Обамаг буруутгалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп

Өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа өмнөх ерөнхийлөгч Обамаг сонгуулийн үеэр өөрийнх нь утсыг чагнасан гэж буруутгажээ.

Трамп цамхагт нь ийнхүү тагнах ажиллагаа зохион байгуулсан гэж мэдэгдсэн ерөнхийлөгч ямар нэгэн нотлох баримт дэлгээгүй байна. Харин Обамагийн төлөөлөгч түүний мэдэгдлийг “худал” гэж үзэж байгаагаа хариу илэрхийлсэн бол хоёр намын улс төрчид нотолгоо шаардаж эхэлсэн юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерын мэдэгдэлд “2016 оны сонгуулийн өмнөхөн улс төрийн сэдэлтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь маш аюултай хэрэг юм” гэжээ.

Ингээд Дональд Трамп 2016 оны сонгуулийн үр дүнд засаг захиргааны зүгээс нөлөөлөх гэж оролдсон эсэхийг шалгаж өгөхийг Конгрессоос хүссэн байна.

Спайсер эцэст нь шалгах ажиллагаа явагдах хүртэл ямар нэг баримт дэлгэхгүй гэж мэдэгдсэн юм. Бямба гарагийн өглөө твиттер хуудсандаа нийтэлсэн цуврал мэдэгдэлд Трамп энэхүү тагнасан ажиллагааг “Никсон/Уотергэйт”, “Маккартизм” зэрэг түүхэн үйл явдлуудтай харьцуулсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч хуулийн дагуу Америкийн ямар ч иргэнийг тагнах даалгавар өгөх эрхгүй байдаг. Ингэхийн тулд Гадаад Тагнуулын Ажиллагааны шүүхээс Хууль зүйн департментаар дамжуулан зөвшөөрөл авах ёстой.

Трампын өгүүлж байгаагаар тагнах ажиллагааг өнгөрсөн аравдугаар сард Нью-Йоркийн Трамп цамхагт хийсэн гэжээ. Тэнд Трампын сонгуулийн төв штаб байрлаж байсан юм.

Обамагийн талынхан ч Трампын мэдэгдлийг няцааж, шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Зарим ажиглагчид Трампыг Оросын талтай ойр харилцаатай байсанд сэжиглэн шалгаж байгаа энэ үед олон нийтийн анхаарлыг сарниулах арга хэмжээ авлаа гэж үзэж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post