Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр өглөө Хойд Солонгос пуужин харвалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун

Тив хоорондын баллистик төрлийнх байж болзошгүй пуужинг өнөөдөр өглөө Хойд Солонгос зүүн тэнгис рүү чиглүүлэн харвасан тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.

Энэ нь Өмнөд Солонгос-Америкийн жил бүр зохион байгуулагддаг цэргийн сургуулилалтын хариуд Хойд Солонгосын авсан арга хэмжээ гэж ажиглагчид дүгнэж байна. Уг сургуулилалтыг Пьёньян өөрийг нь эзлэн түрэмгийлэх зорилготой гэж үздэг юм.

Одоо Өмнөд Солонгосын армийнхан пуужингийн төрөл, тусгалын зай зэрэг мэдээллийг гаргахаар шинжилж байна.

Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаас хойш гурван цөмийн туршилт, хэд хэдэн пуужингийн туршилт хийгээд байгаа юм. Тэд АНУ­-ын баруун эрэгт хүрэх чадалтай пуужин бүтээхээр ажиллаж байгаа.

Өнгөрсөн сард Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг хөнөөсөн хэрэг явдлаас үүдэлтэйгээр Хятад-Хойд Солонгосын харилцаанд хүндрэл гараад байгаа юм. Тэгвэл энэхүү пуужингийн туршилт нөхцөл байдлыг улам муутгана гэж үзэж байна.

Аллагын дараа Хойд Солонгосын гадаад худалдааны ихэнхийг эзэлдэг Хятад улс тус улсын нүүрсний экспортыг зогсоогоод байгаа юм.

Он гараад Пьёньян хоёр удаа пуужин харвасан бол өнгөрсөн онд нийт 25 удаа харваж, хоёр цөмийн туршилт хийжээ.

Өмнөд ба Хойд Солонгосын харилцаа түүхэн доод хэмжээндээ хүртэл хурцдаад байгааг Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал хариуцсан сайд Хон Ён Пё өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьж байв.

 

Эх сурвалж: Bloomberg