Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын элчин сайдыг Малайзаас хөөлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын амийг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа Малайзийн эрх баригчдыг шүүмжилсэн Хойд Солонгосын элчин сайдыг тус улсаас хөөн гаргахаар боллоо.

Элчин сайд Кан Чол 48 цагийн дотор Малайзаас гарах ёстойг өчигдөр орой Малайзийн гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Хэргийг мөрдөн шалгаж байгаа Малайзийн талын ажиллагаанд итгэхгүй байгаагаа мэдэгдсэний дараа гадаад хэргийн яам элчин сайдыг хэлсэн үгэндээ уучлал гуйхыг шаардсан боловч үр дүнд хүрээгүй юм.

Ким Жон Нам гурван долоо хоногийн өмнө Куала Лумпурын нисэх буудалд явж байгаад хорлогдсон. Малайз одоогоор Хойд Солонгосыг энэхүү аллагад шууд буруутгаагүй байна. Гэхдээ Пьёньян энэ хэргийг зохион байгуулсан гэх хардлага байгаа юм.

Малайзийн тал элчин сайдын яамны ажилтныг оролцуулаад хэд хэдэн Хойд Солонгосын иргэнийг шалгахаар эрэн сурвалжилж байгаа.

Одоогоор аллагыг үйлдсэн Вьетнам, Индонезийн иргэн эмэгтэйчүүдийг хүн амины хэргээр яллаад байна.

Малайз бол Хойд Солонгосын дэглэмтэй найрсаг харилцаатай байдаг цөөхөн орны нэг. Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын иргэдийн Малайзад визгүй зорчдог эрхийг цуцалсан нь аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээ гэж Куала Лумпурын эрх баригчид тайлбарлаж байв.

 

Эх сурвалж: BBC