Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Отгонбаяр: Керамик урлагаар хичээллэсэн хүн тэвчээр, хатуужилтай болдог

Ц.Энхтунгалаг, Зууны мэдээ
2017 оны 3 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Уран бүтээлч, керамик урлаач Д.Отгонбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Хэзээнээс энэ урлагийг сонирхох болсон бэ ?

- Би Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1986 онд төгсөөд ОХУ-ын Урлаг үйлдвэрлэлийн академид керамик урлалын чиглэлээр суралцаж 1992 онд төгссөн. Түүнээс хойш хэсэг завсарлаад 2005 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн. Сүүлийн хоёр жил уран бүтээлдээ анхаарч байгаа.

-Ихэвчлэн ямар бүтээл гаргаж байна вэ ?

-Ерөнхийдөө керамик урлаг чимэглэх болон бэлэг дурсгал, хэрэглээний гэсэн олон төрлөөр бүтээл гаргаж болдог. Миний бүтээлүүд чимэглэх, орчин үеийн урлаг руугаа хандсан гэж болно, Чимэглэлийн гэхээр бэлэг дурсгал, барилга, гадна, дотно интерьер дизайны аль ч чиглэлд хэрэглэж болох олон бүтээл багтдаг.

-Хүмүүс керамик урлагийг сонирхож хичээллэдэг үү. Ер нь энэ чиглэлээр сургалт, уралдаан тэмцээн явагддаг болов уу?

-“Улаанбаатар-Уран баримал” хөтөлбөр 2014 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 30 баримал босгох уралдаан явагдаж байсан. Тэнд олон шилдэг бүтээл оролцсон. Би “Есөн шоо” бүтээлээрээ амжилттай оролцсон байгаа. Мөн өнгөрсөн онд “Тодорхой бус орон зай дахь шонхорын мессэж” бүтээл маань Монголын урчуудын эвлэлийн орчин үеийн урлагийн төрөлд шилдэг бүтээлийн шагнал авсан. Ер нь нэг үеэ бодвол залуучууд керамик урлагийг их сонирхох болсон. Сургалт зохион байгуулахад ихэнх нь залуучууд оролцдог.

-Та энэ үзэсгэлэнгээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Уран бүтээлч хүн эргэн тойрон, нийгэмлээ ажиглалт хийж. маш их судалгаа хийдэг. Мэдлэг мэдээллээр цаг үеэсээ хоцрохгүй байх нь чухал Уран бүтээлийн санаа олон зүйлийн дүгнэлтээс төрдөг. Хэлэх гэсэн санаагаа зов илэрхийлэх нь бүтээлийн хэлбэр хийцээс шалтгаалдаг. Монгол орны ховордож буй баялаг шонхор шувууг зарж борлуулж байгаа хэдий ч эргээд түүнийг хамгаалах ажил хийхгүй байна. Түүнийг зарж борлуулах ажлыг зогсоогооч ээ гэсэн санааг илэрхийлэхийг зорьж "Тэнгэрийн ирвэс” гэж үзэсгэлэнгээ нэрлэсэн.

-Бүтээлээ хийхэд дунджаар хэдий хэр хугацаа ордог вэ?

-Керамик хийхэд санаагаа олох боловсруулах, арга техник материал сонгох, шавраа бэлдэх, хэвээ цутгах гэх мэтчилэн олон үе шатыг дамжиж бүтээл бэлэн болдог. Керамикаар урлана гэдэг маш их тэвчээр, хатуужил шаарддаг. Үл ялиг анхаарал сарнихад бүтээлээр илэрхийлэх санаа өөрчлөгдөх, хэлбэр хийц алдагдах аюултай байдаг. Эхлэлээсээ төгсгөл хүртэл маш хянуур байх шаардлагатай. Керамик урлагаар хичээллэсэн хүн тэвчээр, хатуужилтай, аливаа зүйлд нухацтай ханддаг зан төлөвшилтэй болдог.

-Тэгэхээр керамикаар хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлэхийн тулд ганцаарчилж ажилладаг гэж ойлгож болох уу. Үзэсгэлэн гаргахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн хүн хэр олон байв?

-Эх хувилбарыг өөрөө ганцаарчилж хийдэг. Эх хувилбараа хийчихсэн тохиолдолд бусдын дэмжлэгийг авна л даа. Тухайлбал, хэвэнд даруулах, олон хувилбараар хийх шаардлагатай зүйлсийг эх хувийг нь өгөөд бусдаар хийлгэх зэрэг бусдын дэмжлэг байлгүй яахав. Үзэсгэлэн гаргахад керамик урлаач Алтангэрэл, Одмаа, Төгсөө нар дэмжиж ажилласан. Тэдэндээ баярласнаа илэрхийлье.

- Таны “Xилийн дээс” бүтээл анхаарал татлаа. Үүгээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Энэ бүтээл маань шонхор шувуудыг хил дамнуулан худалдаж төрөлх нутгаас нь салгаж байгаа эмгэнэлт үйл явдлыг улаан шонхроор илэрхийлэхийг зорьсон. Улаан өнгөөр худалдагдсан шонхор болоод эрх чөлөөгүй болсон байдлыг илэрхийлж торонд байгаагаар бүтээлээ урласан.

Зураг