Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мах, сүү, гурилаар органик хооллож байсан Монголчуудын хүнсний нэр төрөл нэмэгдэж, гадаадын олон орноос нөөшилсөн бүтээгдэхүүнийг бүх нэр төрлөөр нь оруулж ирж идэх болсон нь ходоодны дайсан болж байна. Өдөржин өлөн явсаар орой нь хэтрүүлж иддэг буруу зуршил мөн л ходоодыг гэмтээж байна. Хоол хүнсний болон ахуйн буруу хэрэглээ ходоодны хорт хавдар үүсэхэд гол шалтгаан болдог.

Энэ өвчний талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн /ХСҮТ/ ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р. Ганбаатараас хэдэн зүйл тодрууллаа.

Р. Ганбаатар: 40 наснаас дээш хүмүүс 2 жилдээ нэг удаа дурангийн шинжилгээ хийлгэж байх ёстой

 

- Ходоодны хорт хавдрыг ямар үе шатууд болгон хуваадаг вэ?

- Ходоодны хорт хавдар нь 4 үе шаттай. Эхний хоёрыг нь эрт үеийн хавдар гэнэ. Гурав, дөрөвдүгээр үеийг нь хожуу үеийн хавдар гэнэ. Мэдээж хэрэг ходоодны хорт хавдрыг эрт илрүүлвэл эмчилгээ төгс болно, бүрэн эдгэрэх магадлал өндөрсөнө. Монголд харамсалтай нь гурав, дөрөвдүгээр хожуу үеийн хавдрууд 85,5 хувьтай байна

- Ходоодны хорт хавдрын үед ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?

- Эхний хоёр үе шатанд ямар ч шинж тэмдэг байдаггүй. Гурав, дөрөвдүгээр үе шатанд орвол шинж тэмдэгүүд илэрдэг. Ходоодны орчим эвгүй оргих, заримдаа өвдөлт мэдрэгдэх, хоол шингэхгүй болох, шалтгаангүйгээр турж эцэх, цус багадах, зарим тохиолдолд хоол орохоо болих, гороож тээглэх зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. 

- Ходоодны хорт хавдараас хэрхэн сэргийлэх вэ? 

- Ходоод гэдэг нь хоол боловсруулах эрхтэн гэдэг утгаараа хамгийн түрүүнд хоол ундаар дамждаг халдвар юм. Нэн түрүүний асуудал бол хеликобактериас сэргийлэх. Хеликобактери нь амны шүлс, салстаар дамждаг халдвар. Жишээлбэл, эцэг эхчүүд  хүүхэддээ хоолыг нь амандаа хийж бүлээсгэж байгаад өгдөг. Аав, ээж нь халдвартай бол хүүхдэд шууд халдана. Хөдөө айрагийг хул хулаар нь дамжуулж уудаг. Энэ ч бас эрсдэлтэй.  Хеликобактериас яаж сэргийлэх вэ гэхээр хүн нэг удаагийн аяга таваг хэрэглэж байх хэрэгтэй, эсвэл аяга тавгаа сайн ариутгаж хэрэглэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, давсны хэрэглээ их өндөр байдагтай холбоотой. Хүйтэн орнуудад давс их хэрэглэдэг. Учир нь давс хүний хамгаалалтын системд нөлөөлдөг, хүйтэн цаг уурт зохицоход давсны хэрэглээ өндөр байх ёстой байдаг. Тэгж байж бид хүйтэн цаг агаарыг даарч хөрөхгүй давдаг. Гэхдээ бид бусад улс орнуудаас 2,3 дахин илүү давс хэрэглэж байна. Тийм учраас бидний сэргийлэх ёстой гол асуудлуудын нэг бол давсны хэрэглээгээ аль болох багасгах.

Мөн, дагавар хүчин зүйлүүд байна. Стресс, удамшлын өвчнүүд, архи, тамхины хэрэглээ, хүнсний аюулгүй байдал гэх мэт.

- Хүмүүс хэрхэн оношилгоо, шинжилгээнд хамрагдаж байх ёстой вэ?

- Хамгийн түрүүнд ходоодны хорт хавдрыг илрүүлдэг арга бол ходоодны дуран. Улсын хэмжээнд бүх 21 аймгууд, дүүргүүд, клиникийн эмнэлгүүдэд дурангийн кабинет байгаа. Тийм учраас цаараглалгүйгээр очиж ходоодоо дурандуулж байх хэрэгтэй. 40 наснаас дээш хүмүүс 2 жилдээ нэг удаа дурангийн шинжилгээ хийлгэж байх ёстой.

Ер нь 40 гэлтгүй бүх насныхан ходоодоо дурандуулж, оношилгоонд хамрагдаж байх хэрэгтэй. Хэрэв эрт үед нь илрүүлвэл, нэгдүгээрт амь нас аврагдах магадлал маш өндөр. Хоёрдугаарт, эдийн засгийн хэмнэлттэй. Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлвэл хагалгаа хийлгэхгүй, дурангаар эмчлэх боломжтой байдаг.

- Ходоодны хорт хавдар туссан хүн ямар эмчилгээ хийлгэдэг вэ? 

- Ходоодны хорт хавдрын гол эмчилгээ бол мэс заслын эмчилгээ. Эрт үедээ оношлогдсон тохиолдолд уян дурангаар салст хуулах эмчилгээ хийдэг. Харин хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь олон талт маш өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд мэс засал, клиник хавдар судлал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ гэх мэт олон нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний баг эмчилгээний үйл ажиллагаанд оролцдог.

- Иргэдийн дунд ходоодны шархтай хүн дуранд ороод улам шархлуулсан гэх яриа бий. Ийм тохиолдол байдаг уу?

-  Ходоодны дурангийн шинжилгээ бол энгийн бөгөөд чухал хэрэгсэл юм. Ходоодонд ямар нэг аюул учруулдаггүй. Ходоодны хавдар эрт үедээ шарх хэлбэртэй илэрдэг учраас гурван сарын дараа дахин нэг дурандуулах хэрэгтэй. Тиймээс ямар нэг буруу нөлөө байхгүй.

- ХСҮТ-д жилд хэдэн хүн ходоодны хорт хавдраар эмчлүүлж байна вэ?

- Сүүлийн 10 жилийн судалгаагаар харахад жилдээ 300 орчим ходоодны хавдрын мэс засал хийж байна. Манай оронд ходоодны эрт үеийн хорт хавдрын үед дурангаар салст хуулах ESD EMR эмчилгээний аргууд нэвтрээд олон жил болж байна. 

Монгол улс ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд нэгдүгээр байранд ордог

 Дэлхий дахинд хорт хавдраар нас барж буй тохиолдлын гуравдугаарт ходоодны хорт хавдар орж байна. Тэр ч бүү хэл, манай улс энэ хавдрын улмаас нас барж буй хүнийхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа нь уг өвчин аюултай гэдгийг илтгэнэ.

Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь таван жил амьдардаг маш хорон явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин гэдгийг эмч нар анхааруулсаар байгаа. Судалгаагаар дэлхийд жилд нэг сая гаруй хүн ходоодны хорт хавдартай гэж оношлогдож байгаагаас 723,000 хүн уг өвчнөөс болж нас бардаг аж. Харин манай улсад жилд 800 гаруй хүн оношлуулдагаас 500 орчим нь уг аюулт өвчнөөс болж амиа алддаг байна.

ГРАФИК

 
ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ 

Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин юм. 

БНСУ 30 жилийн өмнө Монгол шиг ходоодны нас баралтаараа дэлхийд тэргүүлж байжээ. Гэвч, тэд үүний эсрэг сайн арга хэмжээ авч чадсан нь Засгийн газраас хэрэгжүүлсэн эрт илрүүлгийн хөтөлбөр юм. Тэд иргэддээ ходоодны хорт хавдрын шинж тэмдгийн талаар анхааруулга өгч, бүх насны хүмүүсийг ходоодны дуранд хамруулах гэх мэт олон аян явуулснаар уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа аж. Одоогийн байдлаар БНСУ-д эмчилж байгаа өвчний 70 гаруй хувь нь эрт үедээ оношлуулдаг юм байна.

Тиймээс манай улс ч мөн адил ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг улс даяар эхлүүлэх нэн шаардлагатай байна хэмээн ХСҮТ-ийн эмч нар уриалж буй. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлснээр монголчууд элэгний вирусийн шинжилгээ өгч, С вирус устгах эм ууж, элгээ хайрлаж эхэлсэн.

Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар хожуу үедээ илэрдэг бөгөөд ийм үед таван жил амьд явах магадлал 15 хувьтай байдаг. Эхний таван жилийг давсан бол 10 жил амьдрах магадлал 11 хувьтай байх ажээ. 50 хүртэлх насныхан амьд үлдэх магадлал 16-22, 70-аас дээш насныхны үзүүлэлт 5-12 хувьтай байдаг байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломж та, бидний гарт байгаа

Ихэнх тохиолдолд ходоодны хорт хавдар хожуу үедээ илэрдэг бөгөөд ийм үед таван жил амьд явах магадлал 15 хувьтай байдаг. Эхний таван жилийг давсан бол 10 жил амьдрах магадлал 11 хувьтай байх ажээ. 50 хүртэлх насныхан амьд үлдэх магадлал 16-22, 70-аас дээш насныхны үзүүлэлт 5-12 хувьтай байдаг байна.

Жилээс жилд нэмэгдэж буй ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх, энэ өвчний аюулыг төрийн эрх мэдэлтнүүдэд ойлгуулах нь чухал болоод байна. Гэхдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх боломж та, бидний гарт байгаа.