Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлийн хөтөлбөр үргэлжилнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОУВС-тай хийсэн хэлэлцээр Монгол Улсаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх санал тавьж, хэлэлцээрийн үр дүнд цаашид үргэлжлүүлэх тохиролцоонд хүрчээ.

Нэгдүгээр сарын байдлаар нийт ипотекийн зээлийн хэмжээ 4 их наяд 34 тэрбум төгрөг байна. Үүний 2 их наяд 895 тэрбум төгрөг нь хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээл юм. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар авч үзвэл нийт зээлдэгчдийн тоо 60,417-д хүрчээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Сүүлийн үед ипотекийн зээл зогссон. Монголбанк санхүүжилт олгохгүй байгаа гэсэн мэдээ байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 800 орчим зээлдэгчийн асуудал арилжааны банкаар дамжуулан шийдэгдсэн байна.

Санхүүжилт нь Монголбанканд байршиж байгаа ипотекийн зээлээр баталгаажсан бондоос эргэн төлөгдөж байгаа эх үүсвэрээр санхүүжигдэж байна. Тухайн бондын үндсэн төлбөр болон хүүний төлбөр хоёулаа энэхүү санхүүжилтэд ашиглагдаж байгаа. Ингэж үзвэл 24-25 тэрбум төгрөг сар бүр санхүүжилтэд орж байна.

ОУВС-тай хэлэлцээр хийх явцад ипотекийн зээлийг зогсоолоо гэсэн мэдээлэл олон нийтийн дунд явж байна. Монгол Улсын зүгээс ОУВС-д ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байна гэдэг саналыг тавьж, санхүүжилтийн хэмжээ болон зарчмыг тохирсон.

2017 оны нийт Санхүүжилтийн хэмжээг 300 орчим тэрбум төгрөг байхаар тогтсон. Төсвийн нэгдсэн байр суурийг хангах ёстой гэдэг зарчмын хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан бондоор орж ирж байгаа үндсэн төлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлтэд ашиглах бөгөөд энэ нь 200 орчим байна гэсэн төсөөлөлтэй байна.Үлдсэн 111 тэрбум төгрөг улсын төсвөөс орж ирнэ.

Тэгэхээр хэлэлцээр нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас орж ирж, ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэсэн үр дүнд хүрсэн.

Дараагийн тохирсон зүйл бол 2018 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр Засгийн газарт бүрэн шилжих ёстой гэсэн зарчмын байр сууринд хүрсэн.

Ямар байдлаар энэ хөтөлбөр цаашид хэрэгжих, Засгийн газарт ямар байдлаар шилжүүлэх зэрэг асуудлууд одоогоор тодорхойгүй байна” гэлээ.