Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр мэдээлэл өглөө.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалт, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийхээр болжээ.

Ажлын хэсэг хяналт шалгалтын ажлыг 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулах бөгөөд ахлагчдын зүгээс хяналт шалгалтын ажилд шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийг татан оролцуулж ажиллуулах юм байна.

Хяналт шалгалтыг дараах чиглэлээр явуулна

  • Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналт;
  • Монголбанкны мөнгөний зах зээл дэх үйл ажиллагаа;
  • Уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн үндэслэл, хяналтын тогтолцоо;
  • Монголбанкнаас гаргасан тушаал, шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх, нээлттэй байдал;
  • Монголбанкны мөнгөн гүйлгээ;
  • Эмиссийн үйл ажиллагаа;
  • Монголбанкнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хүрсэн үр дүн;
  • Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцлүүд, тэдгээрийн үр дүн;
  • Монголбанкнаас аж ахуйн нэжгүүдэд шууд олгосон зээлүүдийн зориулалт, зарцуулалт, хүрсэн үр дүн, хяналтын тогтолцоо;
  • Монголбанкны алдагдал, түүнийн шалтгаан, нөхцөл;
  • Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, валютын ханшны бодлогын талаар;
  • Монголбанкны удирдлага, Монголбанкны Зөвлөл, Монголбанкны Хяналтын Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар;
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн байдал.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн

  • Монгол Улсын Их Хурлын Гишүүн Т.Аюурсайхан /Ажлын хэсгийн ахлагч/
  • Монгол Улсын Их Хурлын Гишүүн Х.Болорчулуун /Ажлын хэсгийн гишүүн/
  • Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Бат-Эрдэнэ /Ажлын хэсгийн гишүүн/
  • Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ц.Даваасүрэн /Ажлын хэсгийн гишүүн/
  • Монгол Улсын Их Хурлын Гишүүн М.Оюунчимэг /Ажлын хэсгийн гишүүн/
  • Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Чинзориг /Ажлын хэсгийн гишүүн/
Ажлын хэсэг хяналт шалгалтын ажлын үр дүнг нэгтгэн санал, дүгнэлт гаргаж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх танилцуулга, шийдвэрийн төсөл боловсруулна.
Эдийн засгийн Байнгын хорооны тогтоол