Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЫН ҮГ: Төвийг сахих бодлогыг “хар хайрцаг”-наас гаргав

ikon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлдөх ардчиллын нэг гол шинж нь олон нийтийг мэдээлэлжүүлэх, аливаа шийдвэрийг гаргахдаа мэдээлэлт тулгуурлан ул суурьтай үнэлэлт, дүгнэлт хийх явдал. Тиймээс Монголын медиа корпорацийн “Ардын үг” аян Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн ажилд иргэдээр үнэлэлт, дүгнэлт өгүүлж, дүн тавиулахын өмнө тэдэнд бүх талын мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэ удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан зарласан төвийг сахих бодлогын талаар мэдээлэл хүргэе.


Эрс санаачилга

Асуудлыг ингэж эсрэг тэсрэг өнцгөөс, олон ургальч үзлийн үүднээс харж мэтгэлцээн өрнөсөн нь гадаад бодлогыг мухардалд оруулах бус, харин ч олон талтай, бүтээлч, олон хувилбараар явуулах боломж нээж байна хэмээн зарим судлаач үзсэн байдаг.

”Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын нэг өвөрмөц өнцөг нь энэ байв. Төрийн тэргүүн 2015 оны есдүгээр сард төвийг сахих санаачилга дэвшүүлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж ҮАБЗ, Засгийн газраас шийдвэр гарч, бүр УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төсөл төвийг сахих бодлогыг иж бүрнээр тусгасан, маш чамбай баримт бичиг болсон гэдгийг судлаачид хэлдэг. Төвийг сахих талаар Ерөнхийлөгч санаачилга дэвшүүлснээс хойш ГХЯ, эрдэмтэн, судлаачид төвийг сахисан орнуудтай идэвхтэй ажиллаж, тэдний туршлага сургамжийг судалж байгаа. Мөн олон нийтийн дунд эсрэг тэсрэг байр суурь бий болж, тодорхой хүрээнд мэтгэлцээн өрнөсөн.

Төвийг сахиснаар Монгол Улс олон улсын харилцаанд ганцаардана, Төвийг сахих асуудал Монгол Улсын гадаад бодлогын шинэ гарц, гадаад бодлогоо хэрэгжүүлэх нэгэн боломж, арга хэрэгсэл, чухамдаа зуун жилийн тэртээ Монголын тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн төрийн зүтгэлтнүүдийн хүсэл мөрөөдлийн биелэл болон хэрэгжих зам ийнхүү нээгдлээ.

НҮБ-ын хүрээнд санал шүүмжлэлд эрхээ хязгаарлуулна, гадаадын хөрөнгө оруулалт хумигдана, хоёр хөрштэйгээ таарамжгүй харилцах болно гэхчлэн хардлага, болгоомжлол ганц нэг эрдэмтэд, судлаач, улс төрийнхний явцуу хүрээнд өрнөж байсан нь нууц биш. Нээлттэй нийгмийг цогцлоосон, ардчилсан улсад иргэд нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа нь энэ. Асуудлыг ингэж эсрэг тэсрэг өнцгөөс, олон ургальч үзлийн үүднээс харж мэтгэлцээн өрнөсөн нь гадаад бодлогыг мухардалд оруулах бус, харин ч олон талтай, бүтээлч, олон хувилбараар явуулах боломж нээж байна хэмээн зарим судлаач үзсэн байдаг.

100 жилийн өмнөх төвийг сахисан Монгол

Зуун жилийн өмнө тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, түүнийгээ батлан хамгаалж, зарлан тунхаглахын төлөө амь, биеэ чилээж явсан төрийн зүтгэлтнүүд төвийг сахих бодлого бага буурай улсад нэн хэрэгтэйг олж харж байжээ.

Ерөнхийлөгчийн зориглон зарласан төвийг сахих үзэл өнөөгийн Монгол Улсын гадаад бодлогын нэг цөм, тулгуур мөн эсэхийг нотлохын тулд төвийг сахих бодлого гэж юу болох, уг бодлогыг монголчууд хэрхэн үзэж, хандаж байсан түүхийг сөхөх үзэх хэрэгтэй. Төвийг сахих тухай санааг монголчууд 1919 онд анх дэвшүүлж байсан байдаг. 1920-иод онд ч энэ үзэл санаагаа үргэлжлүүлэн баримталж байв. “СССР, Хятад хоёр улсаас баталсан бөгөөд бусад олон улсаас зөвшөөрөн хүлээсэн төвийг сахих улс болох хэрэгтэй. Энэ нь үлгэрлэвээс Швейцарь улс лугаа адил болой” хэмээн Монголын нэгэн их сэтгэгч, нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээн бичиж байжээ. Ж.Цэвээн гуай шиг төвийг сахих бодлогыг баримтлагсад гэвэл П.Гэндэн, Г.Дэмид нарыг дурдаж болно.

Тэд дэлхийн II дайны өмнөхөн, Алс Дорнодын байдал нэн хурцдах тусам СССР-тэй холбоотны гэрээ байгуулуулахгүй хойшлуулан түдгэлзэж байсан нь төвийг сахих бодлогын илрэл байв. 1930-аад онд Монгол Улсын Ерөнхий сайд, Цэргийн яамны сайдын албыг хашиж байсан эдгээр эрхмүүд 1936 оны Монгол-Зөвлөлтийн Протокол гэрээн дэх цэрэг, зэвсгээр туслах тухай заалтаас нарын ихэд болгоомжлон хойшлуулахыг эрмэлзэж байсан гэдэг. Үнэхээр л дээрх харилцан туслах гэрээг юуны өмнө баримтлана гэх юм бол Зөвлөлт, Японы мөргөлдөөнд Монгол Улс татагдан орно гэдгийг манай удирдагчид мэдэж байв. Тиймээс л хоёр гүрний зөрчил дундаас Монголыг сугалж ямар нэг аргаар төвийг сахисан байдлаар авч гарахыг тэд урьтал болгосон хэрэг.

Төвийг сахих бодлого монголчуудын хувьд шинэ биш ч гэдгийн учир энэ. Зуун жилийн өмнө тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, түүнийгээ батлан хамгаалж, зарлан тунхаглахын төлөө амь, биеэ чилээж явсан төрийн зүтгэлтнүүд төвийг сахих бодлого бага буурай улсад нэн хэрэгтэйг олж харж байжээ.

Цагаа олсон оновчтой шийдвэр

Өнөөдөр Монгол Улсын хувьд шинэ зуунд, шинэ орчинд тохируулан гадаад бодлого, гадаад харилцаа, батлан хамгаалах бодлогоо шинэчлэн сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа. Нөгөө талаар 1990-ээд оноос хойш гадаад бодлогоо шинээр томъёолж, олон тулгуурт, нээлттэй, идэвхтэй, гуравдагч хөршийг хүсэмжилсэн бодлого явуулах тодорхой боломж бүрдсэн билээ. Энэ боломжийг ашиглаж, гадаад бодлогоо зөв томъёолж хэрэгжүүлэн амжилтад хүрсэн.

Тухайлбал, бие даасан, эзэн мэдсэн гадаад бодлогоо эрхлэн явуулах эрх зүйн баримт бичгээ 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нэрээр гаргаж мөрдсөн юм. Эдгээр баримт бичигт “Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна”, “Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална” хэмээн заажээ. Энэ бол хэрэг дээрээ төвийг сахих байр сууриа УИХ-аар баталсан хоёр гол баримт бичигтээ суулгаж өглөө гэсэн үг юм. Ерөнхийлөгчийн санаачлан баталгаажуулсан цөмийн зэвсгээс ангид байх тухай үзэл баримтлал ч төвийг сахих бодлогын илрэл билээ.

Юутай ч манай улс дээр дурдсан бодлогын бичиг баримтууддаа гадаад харилцаанд баримтлах чиг хандлагаа зөв тодорхойлж чадсан. Шинэ зуун гараад олон улсын харилцаа элдэв эрсдэлтэй тулгарах болсноор өмнөхөөс цоо шинэ нөхцөл байдал үүссэн юм. Манай улсын гадаад, дотоод ч орчин үндсээрээ өөрчлөгдсөн. Монгол Улс дэлхийд нээлттэй болсонтой холбогдуулан гадаад харилцааны ба аюулгүй байдлын бодлогоо шинэчлэх, улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарсан юм. Олон улсын харилцааны энэ эмзэг цаг үе Монголын хувьд таатай бишээр нөлөөлж мэдэхээр болж байна гэж судлаачид, ажиглагчид үздэг. Тухайлбал, цэргийн эвсэл, бүлэглэлүүд дахин буй болж, шинэ “Хүйтэн дайн” эхлэлээ тавилаа гэж зарим хүн бичиж байв.

Олон улсын харилцаанд таатай бус шинэ тоглогчид ч гарч ирсэн. Ийм нөхцөлд өнгөрсөн зууны 20,30-аад онд зарлаад бүтэлгүйтсэн төвийг сахих бодлого руугаа шилжин орохоос аргагүй болсон юм. Төвийг сахисан зарим улсын туршлага, сургамж ч үүнийг нотолж байгаа юм. Энэ бүх нөхцөл байдлыг үнэлж, судалсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих санаачилга дэвшүүлсэн болов уу. Ийнхүү тэрээр 70-80 жил дарагдсан төвийг сахих бодлогыг төрийн хар хайрцагнаас гаргаж ирсэн нь содон бөгөөд зоримог алхам байв. Үүнийг цаг үеэ олсон бодлого гэж үнэлэх судлаач олон байдаг. 

Эвийн цавуу, эвлэрлийн зууч Монгол

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө төвийг сахих бодлого баримтлах санаачилгаа зарлахдаа байнга төвийг сахих гэдэг статусыг онцолсон. Байнга гэдэг энэ үгнээс эмзэглэх хэрэггүйг олон улсын бодлого судлаачид мэднэ. Байнга гэдэг үгийг бүр хэрэглэхгүй байж болно. Харин төвийг сахина гэдэг бол энгийнээр хэлэхэд монголчуудын хувьд “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”-гээр аль ч улс гүрэнтэй дайсагнахгүй, дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай байна л гэсэн үг.

Сүүлийн 27 жил ардчиллын жилүүдэд явуулсан бодлого маань үндсэндээ төвийг сахисан гэж зарлаагүй ч гэсэн төвийг сахих чиглэлтэй бүх улс гүрэнтэй найрсаг харилцаатай, бүгдийнх нь дунд нэр хүндээ зөв байраа олсон бодлого явуулсан билээ. Тиймээс өөр хоорондоо маш их зөрчилдөөнтэй улсууд Улаанбаатарт хэлэлцээний ширээнд суусан тохиолдол нэг биш юм. Тэднийг уулзуулж, ойлголцуулж чадсан. 1993, 1997 оны хөрш хоёр гүрэнтэйгээ байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнүүдэд аль алиных нь эсрэг цэргийн эвсэл холбоонд орохгүй гэж тусгасан.

Мөн нутаг дэвсгэртээ гадаадын цэрэг байрлуулахгүй, гадаадын цэргийн бааз болохгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэх мэт бодлогуудад төвийг сахисан элементүүд шингэсэн юм. 2015 онд Ерөнхийлөгч энэ бодлогыг зарлахдаа ч дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний үед тууштай төвийг сахина, энх тайван цагт цэргийн эвсэл, холбоонд орохгүй гэж онцолсон. Энд дурдагдсан цэргийн эвсэл, холбоонд орох эсэх асуудал бол дэлхий нийтэд халуун сэдвийн нэг. Гэтэл 2015 онд Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар чуулган дээр төвийг сахих бодлогоо зарласны дараа яг тэр өдөр нь НҮБ-д Терроризмын эсрэг, Лалын улсын эсрэг олон улсын чуулга уулзалт болсон юм. Уг уулзалтад Монгол Улс оролцоогүй. Тухайн үед АНУ-ын зүгээс Сири, Иракт байлдаж байгаа АНУ тэргүүтэй Лалын улсын эсрэг олон улсын цэргийн хүчний эвсэлд манай улсыг оролцооч гэдэг хүсэлт тавьж байсан гэдэг.

Эдүгээ Европт дүрвэгсдийн хямрал болж байна. Тийм учраас өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 51 дүгээр чуулганы үеэр АНУ санаачлан Дэлхийн дүрвэгсдийн асуудлаархи дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Монгол Улс Обамагийн Засгийн газрын үед дүрвэгсдийн асуудлаар янз бүрийн шахалтад орж байсан гэдэг. Тухайлбал өнгөрсөн 2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчлахдаа гадаадын дүрвэгсдийн хямралыг шийдэх асуудал дээр манай улс ямар үүрэгтэй оролцохыг сонирхож, “Жил бүр 3000 дүрвэгчийг Сири, Иракаас хүлээн ав” гэсэн санал тавьж байжээ. Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай улс төвийг сахисан статустай учраас бид анхнаасаа энд оролцоогүй юм” гэсэн хариу өгчээ.

Хэн юу хэлэв

Улс төр судлаач Д.Баярхүү:

-Дэлхийн яг энэ цаг үе маань амар тайвангүй тийм үедээ орчихоод байна. Энэ бол шинэ хүйтэн дайн өрнөх үү, олон улсын харилцаанд мөргөлдөөний эрин үе эхэлж байна уу, тогтворгүй байдлын эрин үе эхэлж байна уу гээд нэн тодорхойгүй, урьдчилж таамаглахын аргагүй ийм эрин үе ирчихлээ. Энэ эрин үед Монгол Улс олон улсын харилцааны зөрчилдөөний дунд өөрийгөө авч гарахын нэг гарц нь төвийг сахих бодлого байж болно. Нөгөө талаасаа их гүрнүүдийн зөрчилдөөнд Монгол Улс аль талд нь вэ гэдгийг шууд тулгаад асуудаг болсон байна. Ийм цаг үед бид заримдаа байр сууриа илэрхийлэхгүй тойрч гарч өнгөрөх асуудал чухал байна. Ухаандаа Орос Америкийн, Хятад Америкийн, Хятад Японы зөрчил дунд эсвэл Орос Европын холбооны зөрчилд бид нэг талд зогсмооргүй байна.

Бүгдтэй нь бид найрсаг харилцаатай, гуравдагч хөршийн бодлогоо тууштай барьж байна. Ийм нөхцөлд “Бид танай талд байна. Танай байр суурийг хатуу дэмжинэ ээ” гэж хэлээд зогсмооргүй байна. Энэ үед бид ямар нэгэн гарц, вариент хайх хэрэгтэй болно. Тэр нь төвийг сахих бодлого байж болох юм. Байж болно оо гэж хэллээ шүү би, байх ёстой гээгүй.

Янз бүрийн хувилбар байж болно. Эхлээд бид үүнийгээ хуульчлаад авах хэрэгтэй. Хуульчилсныхаа дараа өөрийнхөө гадаад бодлогод суулгаж өгөх хэрэгтэй. Энэ их олон жилийн ажил. Швейцарь улс төвийг сахиад 200 гаруй жилийг туулж байна. Тэгж байж ХХ зууны дунд үеэс амжилт олсон. Түүн шиг би 200 жил гэж ярих гэж байгаа юм биш. Өнөөдөр маргаашдаа үр шим нь үзэгдэхгүй байсан ч их зөв байжээ гэдэг нь гэж хожим яригдаж болно.