Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Бууз, чанасан махтай хамгийн сайн тохирох зууш нь байцааны салат, шинэ ногооны салат"

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
 

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболороос баярын үеэр хэрхэн зөв зохистой хооллох талаар тодрууллаа.

-Удахгүй Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болох гэж байна. Баярын үеэр бууз, чанасан мах зэрэг хүнд хоол иддэг шүү дээ. Тэгвэл эдгээр хоолтой тохирох зууш, салатны төрлүүд юу байж болох вэ?

-Сар шинийн баярын гол хоол болох бууз нь хүнд хоол. Бууз, чанасан махтай хамгийн сайн тохирох зууш нь байцааны салат, шинэ ногооны салат юм. Учир нь бууз идэхдээ ногоо идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж хоолыг амархан шингээж өгдөг.

-Аливаа баяр ёслолын өдрүүдэд иргэд голдуу төмсний салат хийдэг. Гэтэл энэхүү салатны гол орц болох майонезийг транс тосны бүлэгт хамаардаг гэх мэдээлэл бий. Энэ талаар тодруулахгүй юу?

-Майонез транс тосны бүлэгт хамаарахгүй. Гэвч майонез нь илчлэг ихтэй, найрлагад нь  их хэмжээний тос орсон байдаг ба байнга хэрэглэх нь илүүдэл жин, таргалалтад хүргэдэг. Мөн цусан дахь холестерины түвшинг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй байдаг.

Иргэд юун түрүүнд хүнсний бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангасан баталгаатай эх үүсвэрээс шинэ, шаардлага хангасан хүнс худалдан авах хэрэгтэй. Баяраар төмсний салатыг их хэрэглэдэг. Төмсний салат нь майонез, хиам найрлагад орсон илчлэг өндөртэй, амархан муудах эрсдэлтэй эмзэг бүтээгдэхүүнд ордог. Тиймээс майонез, өндөг орсон салатуудыг тасалгааны температурт байгаа нөхцөлд хоёр цагийн дотор хэрэглэх ёстой. Тасалгааны хэмд үүнээс удаан хугацаагаар байлгах нь тохиромжгүй юм. Хэрэв хадгалах шаардлагатай бол заавал хөргөгчинд байлгах нь зүйтэй.

-Хоолоо шингээх зорилгоор хийжүүлсэн ундаа хэрэглэх нь хэр зохимжтой вэ. Хүний биед ямар нөлөө үзүүлдэг бол?

-Хийжүүлсэн ундааны найрлагад олон химийн бодис орсон байдаг. Сахар их агуулдаг учир илчлэг ихтэй, таргалалт үүсгэх, шүдний пааланг гэмтээх, гэдэс дүүргэх, зүрхний эмгэг, яс сийрэгжих, чихрийн шижин эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх мэтчилэн сөрөг нөлөө их. Тиймээс эрүүл хооллолтын зөвлөмжид хийжүүлсэн ундааг зөвлөдөггүй.

-Баяр ёслолын үеэр хооллолтон дээрээ гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ?

-Баяраар хүмүүс олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хольж иддэг. Энэ нь ходоод гэдсэнд маш их ачаалал өгдөг. Тиймээс аль болох хөнгөхөн шингэц сайтай шинэхэн хоол хүнсийг өөртөө тохируулан хэрэглэх хэрэгтэй. Мөн бага насны хүүхэд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн хольж идсэнээс болж ходоод гэдэсний хямрал үүсч хордлогод орох талтай байдаг. Иймээс  бага насны хүүхдийн хооллолт дээр анхаарах хэрэгтэй.

Цагаан сараар голчлон хэрэглэдэг хоол, хүнсний илчлэг:

Цагаан сарын баярын өдрүүдэд нэг хүн дунджаар 3-5 кг нэмдэг аж. НЭМҮТ-өөс хийсэн тооцооллоор нэг айлд зочилоход хамгийн багадаа 1,156 ккал илчлэг авдаг байна. Тухайлбал:

  • Гурван ширхэг бууз - 380 ккал
  • Нэг аяга сүүтэй цай - 68 ккал
  • Төмсний салат - 160 ккал
  • Байцааны салат - 52 ккал
  • Нэг ширхэг чихэр - 77 ккал
  • Хундага архи - 64 ккал
  • Айраг - 122 ккал 
  • Хийжүүлсэн ундаа - 105 ккал 
  • Чанасан мах - 54 ккал
  • Гурван зүсэм хиам - 74 ккал

Энэ тоо зочилж очсон айл бүрийн тоогоор үржигдэхэд таны тухайн өдрийн авсан нийт илчлэгийн хэмжээг харуулах юм. Гэтэл насанд хүрсэн эрэгтэй хүн хоногт хамгийн ихдээ 2,500 ккал, эмэгтэй хүн 2,100 ккал илчлэг авах ёстой хэмээсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж бий.