Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

П.Цагаан: Монгол Монголоороо үлдэх боломж бол эх хэл, соёл юм

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын эх хэлний өдөр өнөөдөр тохиойж байна. Энэхүү өдрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны санаачилж, эмхлэн хэвлүүлсэн “Дархад дууны цоморлог” номын нээлт Монгол Улсын Их Сургуульд боллоо.

Тус бүтээлийн гол онцлог нь хээрийн судалгаа хийж, Дархад ардын олон дуу, дууны хувилбаруудыг бичиж, эх сурвалжуудыг сураглан хэвлэгдсэн түүвэр, соронзон бичлэг, гар бичмэл, шинжилгээний анги, албан томилолтын тайлан бичлэгүүдийг зохих газрын зөвшөөрөлтэйгөөр ашиглан эмхэтгэжээ.

П.Цагаан “Нутгийн иргэдтэй уулзаж, ярилцаж явахдаа тэр хүмүүс өвөг дээдсийн маань 700-800 жилийн соёлын өв, хэл яриа, аялгууг өдий хүртэл  хадгалан тээж явааг хараад бахархаж явлаа.

Тэр дундаа Дархад зон олны урлаг соёл, дуу хуурын  гайхамшгийг мэдэрч, бүр олон хүнд сонсгож, мэдрүүлэх юмсан гэсэн чин хүсэл төрсөн. 

Тиймээс Бямбын Ринчин гуай “Амьд соёлын 700 жилийн түүх” гэж тодорхойлсон Дархад зоны дууг эмхэтгэн хэвлүүлье гэдэг санаа төрсөн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн жилүүдэд Монголчууд гадны улсын “савангийн дуурь”-т хэт шимтэж, тэр хэрээр тухайн улсын соёл эрчимтэй нэвтэрч байна. Нөгөө талдаа уламжлалт соёлын өвийг тээгчдийн тоо цөөрсөөр байна.

Монгол Улс бусад улсаас ондооших, омогших тэр мөн чанар гээгдэж, соёлын дархлаа суларч байгаа нь харамсалтай. 

Хүн төрөлхтөн одоогоор 60,00 орчим хэлээр ярьж байгаагийн тал нь ойрын хугацаанд устаж үгүй болохоор байна гэсэн ЮНЕСКО-гийн судалгаа бий. Бид үүнийг анхаарахгүй өнгөрч болохгүй ээ. Монгол Монголоороо  үлдэх боломж бол эх хэл, соёл юм” гэлээ.

Дархад ардын дуу нь бусад үндэстэн, ястны дуунаас аялгууны хувьд эрс ялгаатай сонсогдож байдгийн учир нь аялгууны чимэглэл сайтай, орчин үеийн хөгжмийн онолын хэлээр форшлаг, триоль, мордент гэх мэт ая эгшгийн чимэглэлүүдийг маш түгээмэл бөгөөд төгс төгөлдөр, иж бүрэн хэрэглэсэн байдагт оршдог ажээ.

“Дархад дууны цоморлог”-т өмнөх хэвлэгдсэн ном болон судалгааны ангийн тайланд орсон дуунуудыг харьцуулж, 525 дууг хувилбарын хамт (нийт 825) багтаажээ.

Гэрэл зургийг mpa.mn