Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган cap нийгэмлэгүүдийн холбоотой хамтран зудын нөхцөл байдалд буй малчдад туслах олон улсын уриалгыг гаргаж, 655,500 щвейцар франк цуглуулах, хөрөнгө босгох ажлыг эхлүүлжээ.

Эхний шатанд өвөлжилт хүндэрсэн Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 5 аймгийн 55 сумын 1,740 өрхөд хүмүүнлэгийн тусламжийг өнөөдрөөс эхлэн шуурхай хүргэх бөгөөд нэг малчин өрхөд 100 ам.доллартай тэнцэх 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг “Хаан” банкаар дамжуулж олгоно. Мөн эрүүл мэндийн анхны тусламжийн багцыг малчин өрхөд олгох талаараа Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.


Эхний шатны хүмүүнлэгийн тусламжийг түгээхэд Олон улсын Улаан загалмай, улаан хавирган cap нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн үеийн яаралтай тусламж үзүүлэх сангаас 160,000 швейцар франк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 100,000 ам. доллар зарцуулж байна.

Мөн Олон улсын Ан амьтныг хамгаалах нийгэмлэгээс нэг малчин өрхөд 22 кг-тай тэнцэх малын эрдсийн долооц, загасны тос, малын туурайнд түрхэх тосон түрхлэг зэрэг малын эмчилгээний багцын тусламж үзүүлнэ.

Хоёр дахь шатны тусламжийг ирэх сард олгоно

Хоёр дахь шатны хүмүүнлэгийн тусламжийг 2017 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн 7 аймгийн 54 сумын 1,740 өрхөд үзүүлнэ. Энэхүү тусламжид:

  • Төв аймгийн 11 сумын 455 өрх
  • Өвөрхангай аймгийн 8 сумын 280 өрх
  • Дархан-Уул аймгийн 4 сумын 140 өрх
  • Орхон аймгийн 2 сумын 70 өрх
  • Хэнтий аймгийн 11 сумын 275 өрх
  • Дорнод аймгийн 11 сумын 280 өрх
  • Сэлэнгэ аймгийн 8 сумын 240 өрх тус тус хамрагдах аж.

Дээрх 7 аймгийн 54 сумын 1,740 өрхөд 100 ам. доллартай тэнцэх 245,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлнэ.

Мөн малчны хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг олгох сургалтыг зохион байгуулж, хүмүүнлэгийн тусламжийг 12 аймгийн 109 сумын 3,480 өрхийн 11,300 хүнд хүргэхээр төлөвлөж байгаа юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүмүүнлэгийн тусламжийг 200-аас доош малтай дараах шалгуурын аль нэг үзүүлэлтийг хангасан малчин өрхөд олгоно:

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
  • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх
  • 16 хүртэлх насны олон хүүхэдтэй малчин өрх.
Хүмүүнлэгийн тусламжийн талаарх санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор “Жи-мобайл” үүрэн холбооны компанийн 98-106-106 дугаарын утасыг 24 цагийн турш ажиллуулах юм.

 

Эх сурвалж: Монголын Улаан Загалмай Нийгэмлэг