Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Японы гадаад худалдааг өргөтгөхөд чиглэсэн судалгааны үр дүнг танилцууллаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол-Япон улсын эдийн засгийн Түншлэлийн Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хоёр орны гадаад худалдааг өргөтгөх талаар семинар өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.

 Япон Улсын Эдийн Засаг Аж Үйлдвэрийн Зүүн Хойд Азийн хэлтсийн дарга Мицүаки Хошино "Сүүлийн жилүүдэд Монгол-Япон хоёр орны хооронд дээд хэмжээний уулзалтуудыг маш ойрхон, олон тоогоор зохион байгуулж ирлээ. Энэ хэмжээгээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хэр зэрэг гүнзгий бат бөх хэрэгжиж байгаагийн илрэл гэж бодож байна. Мөн өнгөрсөн оны зургаан сард Монгол-Япон улсын эдийн засгийн Түншлэлийн Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Энэ нь хоёр орны эдийн засгийн харилцаа, гадаад худалдааны салбарын цаашдын хөгжилд том хувь нэмэр оруулна гэсэн найдлагыг бид тавьж байгаа.

Японы эдийн засаг, аж үйлдвэрийн яамны хувьд хоёр орны хооронд байгуулагдсан энэхүү эдийн засгийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг илүү идэвхитэй болгох, үр дүнтэй ашиглах үүднээс Монголын аж үйлдвэрийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа бидний хамтын ажиллагааны гол үр дүнг өнөөдрийн семинараар дамжуулан танилцуулах гэж байна.

Японы эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Монголд суугаа Японы Элчин сайдын яамтай хамтарсан судалгааг хийсэн. Судалгааг эхлүүлсэн гол учир нь хоёр орны хоорондох гадаад худалдааг тогтвортой өргөжүүлэх, нэмэгдүүлэхийн тулд зөвхөн ашигт малтмал, уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээр зогсохгүй, судалгааг Монгол-Японы уламжлалт аж ахуйн салбарыг хэрхэн хөгжүүлж болох талаар асуудлыг дэвшүүлж хийсэн юм" хэмээн нээлтийн ажиллагааны үеэр хэлэв. 

Монгол-Японы гадаад худалдааг өргөтгөхөд чиглэсэн судалгааны үр дүн

 
Гэрэл зургийг mpa.mn
Экспортлох боломж өндөртэй бүтээгдэхүүнээр "ноолуур, чацаргана, сүүн бүтээгдэхүүн" гэж үзэн судалгааг хэрэгжүүлсэн байна. 2016 оны аравдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсад судалгааг хэрэгжүүлж, төрийн болон холбогдох 13 байгууллага, 17 хувийн хэвшил, 3 мэргэжилтнээс асуулга судалгаа авчээ.

Судалгаагаар Монголын анхан шатны бараа бүтээгдэхүүн болох ноолуур, чацаргана, сүүн бүтээгдэхүүнүүдэд төвлөрөх аж үйлдвэрлэлийн өнөөгийн байдал болон Япон улсад экспортлоход тулгамдаж буй асуудлуудыг гарган ирсэн байна. 

1. Ноолууран бүтээгдэхүүний хувьд ямаанаас самнасан ноолуураар нэхсэн нэхмэл бүтээгдэхүүн. Нэг толгой ямаанаас 150-250 гр ноолуур авдаг ба цамц хийхэд ойролцоогоор 4 ямааны ноолуурыг ашигладаг байна. Үйлдвэрлэлийн хэмжээ бага байдаг учраас өндөр үнэтэй болдог. Судалгаагаар ноолуурыг амжилттай экспортлоход тулгамдаж буй асууудлуудыг гарган иржээ:

  1. Чанарын хяналт, үйлдвэрлэлийн хяналт, хяналт шалгалтын ур чадварыг сайжруулах
  2. Хэрэглэгчийн чиг хандлагыг мэдэрсэн брэнд үүсгэх
  3. Хэрэглэгчийн гарт хүртэлх бүх дамжлагыг мэдэх боломж болон тогтвортой байдлаар бүрэн хангах
  4. Борлуулах зорилготой түүхчилсэн байдал зэрэг бүтээгдэхүүний онцлог, нэмүү өртгийг шингээх 
  5. Японы зах зээл дэх борлуулалтын ноу-хауг сурах

2. Чацарганы хувьд жимсний шүүс витамин С-ээр баялаг бөгөөд, витамин А, Е цаашилбал жимсний хувьд ховорд тооцогдох тос агуулж байдаг. Ялангуяа энэ тос нь ханаагүй тосны хүчлээр баялаг болон антиоксидант үйлчлэл өндөртэй тул анхаарал татаж буй юм. Чацарганыг Япон руу экспортлох хэлбэрүүдийг судалж үзжээ:

  1. Түүхий эд байдлаар экспортлох
  2. Тосоор экспортлох
  3. Тосны нунтгаар экспортлох

3. Сүүний хувьд цагаан идээ хийхэд ашигладаг бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ч ашигладаг. Сүүн бүтээгдэхүүний Монголын аж үйлдвэрлэлийн өнөөгийн байдлыг судлахад:

  • Бэлчээрийн мал аж ахуй тул сүүн дэх шим тэжээл өндөр боловч, саалийн хугацаа 7-9 сарын хооронд хязгаарлагдсан ба бүтэн жилийн туршид тогтвортой нийлүүлэлт хийх нь хүндрэлтэй
  • НМХГ-н төв лабораторийн мэдээнээс үзэхэд бүдүүн гэдэсний савханцар зэргээс шалтгаалан шинжилгээгээр тэнцээгүй хувь өндөр байжээ. 

Ингээд 3 салбар бүтээгдэхүүнийг судалж үзээд эдгээр бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зүйлсийг тогтоожээ:

  1. Чанарын хяналтыг дээшлүүлэх
  2. Хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх
  3. Үзэсгэлэн яармаг, бизнес уулзалт, бизнес матчинг зэрэгт тууштай оролцож байх
  4. Монгол компаниудын хэрэгжүүлж байгаа ажлыг тууштайгаар танилцуулж байх
  5. Япон улс дахь борлуулалтын стратегийг хэрэгжүүлэх зохицуулалт.