Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн эрх баригчид Шинжааны бүх автомашинд GPS суулгах шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нөхцөл байдал тогтворгүй байгаа Шинжааны өөртөө засах мужийн бүх автомашинд GPS байршил тогтоогч суурилуулах шийдвэрийг Бээжингийн эрх баригчид гаргажээ.

Энэ долоо хоногт эхэлж байгаа албадан суурилуулах ажиллагаа Шинжааны Баянголын Монгол автономит тойргоос эхэлсэн байна. Исламын шашинтай, Уйгар хүн ам голлон суудаг Шинжаанд экстремист үзэл дэлгэрч, террорист халдлага тасрахгүй болсны хариуд ийм арга хэмжээ авч байгаа ажээ.

Өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн Шинжааны гурван том хотод олон тооны цэрэг зэвсэг бүхий терроризмийн эсрэг парад зохион байгуулсан юм. Террористууд автомашиныг халдлагын зэвсэг болгон ашиглах хандлагатай байгаа тул “нийгмийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахын тулд” GPS байршил тогтоогч суурилуулах болсноо албаныхан тайлбарлажээ.

Ингэснээр Шинжаанд хөдөлж байгаа тээврийн хэрэгсэл бүрийг зайнаас хянах юм.

Энэ сарын 20-ноос эхлэн зургаадугаар сарын 30 хүртэл хугацаанд бүх хувийн, төр засгийн, ачааны, хүнд машин механизмууд Хятадын Бэйдоу хийцийн хиймэл дагуулын байршил тогтоогч системийг суулгасан байх ёстой гэнэ.

GPS суулгаагүй жолооч нарт бензин шатахуун олгохгүй байхаар тогтжээ.

Хүн ам цөөн боловч өргөн уудам газар нутагтай Шинжаанд хяналтын камер суулгахаас GPS суулгах нь илүү оновчтой, хямд шийдэл болж байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд Шинжаанд автомашинтай халдлага хэд хэд гарсан ба бусад улс орнуудад ч ийм хэлбэрийн террорист халдлага дэлгэрээд байгаа юм. Тухайлбал 2014 оны тавдугаар сард Өрөмч хотын зах дээр ийм халдлага гарч байв.

 

Эх сурвалж: The Guardian