Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрчид яагаад биедээ таараагүй хослол өмсдөг вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бол баян чинээлэг хүн тул биедээ сайхан таарсан хувцас аваад өмсөх чадалтай гэж ойлгож болохоор.

Гэсэн ч түүний элбэгдүү хүрэм, хэлхгэр өмд, хэт өргөн, уртадсан зангиа зэрэг нь тийм биш гэдгийг харуулна.

Трамп ганцаараа зохимжгүй хувцасладаг улс төрч биш. Дэлхий даяар улс төрчид тааруухан хувцасладаг гэсэн ерөнхий ойлголттой.

Тэгвэл мэргэжилтнүүд үүнийг дараах гурван шалтгаантай гэж тайлбарлаж байна.

Нэг.

Улс төрчид сонгогчиддоо ойр дотно, ижил түвшинд харагдах ёстой. Хэт ганган, цэмцгэр байх нь үнэтэй хослол өмсөх чадалгүй ихэнх сонгогчдыг нь үргээх болно. Өнгөрсөн онд болсон сонгуулийн ажиллагаануудын үеэр Хиллари Клинтон $12,000-ын Арманигийн хүрэм өмсөж шүүмжлүүлж байсан бол Тереза Мэй $1,200-ын савхин өмдтэй сэтгүүлд зураг нь нийтлэгдэж хэл амны бай болж байв.

Техасын Их сургуулийн харилцааны профессор Бэрри Браммет нэгэн сэтгүүлд ярихдаа улс төрчдөд “бүх давхаргын хүмүүст танил дотно байхаар хувцасла” гэж зөвлөсөн байна.

Тэр “чи ажлын хувцастай явах хэрэггүй, гэхдээ хэт ганган байж бас болохгүй” гэж сургажээ.

Хоёр.

Улс төрч байна гэдэг маш их стресстэй ажил тул биеийн жин нь байнга хэлбэлзэж байдаг. Заримдаа тэд үүнээсээ болоод хэт их идэх бол дараа нь хоол идэж чадахгүй болтлоо хямрах нь ч бий. Тиймээс биеийн жин нь байнга өөрчлөгдөж байгаа нөхцөлд үргэлж таарсан хувцастай явах боломжгүй тул бүх цаг үед таарч байх хэмжээтэй хувцас өмсөхөөс өөр аргагүй болдог тухай Вашингтоны улс төрийн зөвлөх Жош Нанберг ярьжээ.

Гурав.

Улс төрчид уулзалтаас уулзалтын хооронд завгүй явдаг тул тэдний ямар ч сайхан хувцас түргэн хугацаанд навсайж, хэлбэрээ алдаж мууддаг. Уулзалт, зоог, хурал, арга хэмжээнүүдэд тэд нэг л хувцастайгаа гүйсээр байдаг тул элэгдэл нь бусад хүмүүсийнхээс хурдан байх нь мэдээж.

Гэхдээ энэ нь бас хувь хүний чанар, чадвараас хамаарна. Жишээ нь өмнөх ерөнхийлөгч Барак Обама үргэлж биедээ яв цав суусан хослол өмсдөг байсныг санах хэрэгтэй. Хэдийгээр тэр нэг удаа “шийдвэр гаргах олон асуудалтай явдаг тул хувцсанд санаа тавих завгүй байдаг” гэж ярьж байсан ч Дональд Трампаас л дээр хувцасладаг байсныг нь бид мэднэ.

 

Эцэст нь дүгнэхэд улс төрчид олон нийтэд ойр дотно харагдах ёстой ч нөгөө талаар бас мэргэжлийн хүн шиг харагдах ёстой.

“Сонгогчид чиний юу өмссөнд анхаарал тавихын оронд юу ярьж байгааг чинь илүү мэдрэх ёстой” гэж Cerrell Associates олон нийттэй харилцах компанийн Жэсон Лэвин “Mel Magazine” сэтгүүлд ярьсан байна.

Нэг үгээр хэлбэл аль алиных нь тэнцвэрийг хадгалах чухал ажээ.

 

Эх сурвалж: Independent