Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн намыг тараах хуулийг Камбожийн парламент дэмжлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Камбожийн ерөнхий сайд Хун Сен, Жон Керритэй уулзаж байна

Камбожийн үндэсний ассемблей Даваа гарагт улс төрийн намыг тараах заалтыг хуулиндаа нэмсэн байна. Тодруулбал үндэсний аюулгүй байдалд дайсагнаж байна гэж үзвэл ямар ч улс төрийн намыг тараах нөхцөл бүрдэж байгаа юм.

Гэхдээ яг ямар дайсагналыг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхийг тодорхой заагаагүй байна. Үндэсний ассемблейн 123 гишүүний 66 нь хуралдаанд оролцож санал өгснөөр хуулийн төсөл дэмжигджээ.

Шинэ хуулийн заалт тус улсын хоёр дахь том нам болох Камбожийн Үндэсний Аврах Намд шууд аюул учруулж байгаа юм. Тус намын 55 гишүүн өчигдрийн парламентын хуралдаанд суулгүй, бойкот хийсэн ажээ.

Хуулийн шинэчлэлээр мөн урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшихийг хориглосон байна. Энэ заалт нь сөрөг хүчний удирдагчдыг ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөд саад болохоор байгаа юм.

Харин эрх баригч Камбожийн Ардын Намын төлөөлөгчийн мэдээлснээр шинэ хуулийн заалт ямар нэг улс төрийн хүчинд чиглээгүй гэжээ.

Үүний дараа Пномпенд суугаа АНУ-ын элчин сайд “Хуулийн шинэчлэл нь засгийн газарт хэт их эрх мэдэл өгч, улс төрийн хүчнүүдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

Олон намын тогтолцоо төлөвшөөгүй байгаа Камбожид дээрх хууль нь сөрөг нөлөөтэй болохыг олон улсын шинжээчид илэрхийлсээр байгаа юм.

Ингэснээр ерөнхий сайд Хун Сенд маш их эрх мэдэл төвлөрч байна.

 

Эх сурвалж: Nikkei.com