Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Райн Гослинг: Кинонд тоглохын тулд төгөлдөр хуурын сургалтад суусан

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 2 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Кино урлагийн хамгийн нэр хүндтэй Оскарын наадмын 89 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 26-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод болно. Энэ удаагийн наадамд хамгийн олон номинаци буюу 14 номинацид Холливудын алтан үеийн тухай өгүүлсэн “Ла Ла Ланд” мюзикл уран сайхны кино нэр дэвшээд буй билээ. “Алтан бөмбөрцөг”, “БАФТА” зэрэг наадмуудад ч өндөр амжилт гаргасан уг кино Оскараас ч шилдгийн шагнал хүртэх магадлал өндөр байгаа юм. Өмнө нь 1951 болон 1988 онуудад “All about Eve”  болон "Титаник" кинонууд тус бүр 14 номинацид нэр дэвшиж, бүгдэд нь ялалт байгуулж байсан гэдэг. Тиймээс энэ удаагийн “Оддын цаг” буландаа  “Ла Ла Ланд” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Райн Гослингийн товч ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

-Академи авардст хамгийн олон буюу 14 номинацид “Ла Ла Ланд” кино нэр дэвшиж байгаа. Юун түрүүнд танд баяр хүргэе. Энэ мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрөв?

-Гэртээ байж байтал  хаалга тог тог  хийж,  хэн нэгэн цохиж буй чимээ сонсогдлоо.  Тэгээд хаалгаа нээтэл Дэмьен  эхнэрийнхээ хамт ирчихсэн байдаг юм байна. Хоёулангаас нь архи сэнгэнээд л. Бас нэг гартаа оргилуун дарс барьчихжээ. Харин би шоколадтай торт авчирсан. Ингээд л ширээн дээрээ торт, оргилуун дарсаа тавьж байгаад л баяраа тэмдэглэсэн. Эмма тэр үед Америкт байгаагүй л дээ. Тийм болохоор гар утсаараа нүүр нүүрээ харж, яг дэргэд байгаа юм шиг л бид баярлан хөгжилдөж билээ.

Сэтгэл маш өндөр байсан шүү. Ихэвчлэн, нэг уран бүтээлээс нэг хүн л нэр дэвшдэг байсан бол энэ удаа бүгд хичээж зүтгэсний үр дүнд Академи авардст хамгийн олон номинацид кино маань нэр дэвшсэн. Үнэхээр гайхалтай байсан. 
 
-“Ла Ла Ланд” кино яагаад ийн хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн гэж та бодож байна вэ.  Олонд таашаагдсан кино ихэвчлэн эсрэг тэсрэг хэв маягтай байдаг. Харин энэ кино романтик, сонгодог маягаар бүтээгдсэн шүү дээ?

-Ямар хэцүү асуулт вэ. Киног анх хийхдээ л бид өөрсдийнхөө үзэхийг хүсдэг тийм л уран бүтээл хийе гэж ярьсан байсан. Тийм учраас тухайн үед бусад хүмүүс энэ киног үзэх юмсан гэж бодох эсэх талаар огт бодоогүй гэсэн үг л дээ. Ямар ч дайн тулаан, дэлбэрэлтгүй энэ киноны хамгийн гол цөм нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын хайр дурлал, тэдний мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ гэдэг ямар чухал болох талаар кинонд өгүүлдэг.  Нэр нь ч гэсэн нийтлэг гэж бодож байна.

-Райан төгөлдөр хуур тоглодог хэсгийн талаар яриач. Өөрөө тоглосон уу, эсвэл?

-Төгөлдөр хуурын хэсгийг өөрөө бүгдэд нь тоглосон. Дэмьен намайг бүтэн гурван сар төгөлдөр хуурын сургалтад суулгасан юм. Тэр үед би долоо хоногийн 5-6 өдөрт байнгын хөгжмийн бэлтгэл хийж байлаа. Нэг хоногт хамгийн багадаа хоёр цаг хичээллэнэ. Энэ маягаар гурван сар үргэлжилсэн. Хичээлийн бус цагаар ч гэсэн зав гарвал л бэлтгэлээ базаана. Хэцүү байсан ч, хөгжимд өөрөө дуртай болохоор хөгжилтэй байлаа. 

-Тэгэхээр хөгжмийн талаар ерөнхий  суурь мэдлэгтэй байсан  гэсэн үг байх нь?

-Яах вэ, төгөлдөр хуур дарж чадах хэдий ч, жазз төгөлдөр хуур огт тоглож байгаагүй. Тийм учраас кинонд шууд төгөлдөр хуур тоглоход туршлага дутаж байлаа. Ний нуугүй хэлэхэд, тэгээс нь л эхлэн суралцсан. Манай багш сайн байсан учраас байнга л хөгжим сурмаар санагдаж билээ. 

-Киноны хамгийн хэцүү хэсэг нь юу байв?

-Миний хувьд хамгийн амархан санагдсан үзэгдэл эсрэгээр Дэмьены хувьд хамгийн хэцүү нь байсан гэсэн. Тэр нь замын түгжрэл. Зуны хамгийн халуун өдөр маш олон бүжигчид машин дээр бүжиглэдэг юм. Тэнд гурван удаа зураг авсан. Нэг үзэгдэл нь бараг хоёр өдөр үргэлжилсэн учраас техникийн тал дээр ч хүндрэл гарсан л даа. Тэр үзэгдэлд би гарахгүй учраас машиндаа сууж, урд талын суудлаас бүжигчдийн шоуг үзэж байлаа /инээв/.

Зураг