Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас Канад руу дүрвэх иргэдийн тоо нэмэгджээ

Монголын мэдээ
2017 оны 2 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

АНУ-аас явган алхаж, нууцаар хил давж, Канадын өмнөд хэсгийн Манитоба мужид очсон дүрвэгсдийн тоо 22-д хүрчээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, дүрвэгсдийн ихэнх нь африк гаралтай хүмүүс байжээ. Тэд энэ сарын 18-19-нд шилжих шөнө явган алхаж, хил нэвтэрсэн байжээ.

Мөн энэ сарын 17-нд ч гэсэн өөр найман хүн Канад руу дүрвэсэн байх юм. Манитоба мужийн хамгийн том хот болох Уиннипегээс урагш 120 км зайтай Эмерсон гэх тосгон нь дүрвэгсдийн Канад руу нэвтрэх гол зам болдог бөгөөд АНУ-ын Норт Дакота, Миннесота зэрэг мужуудтай хиллэдэг байна. Улмаар эл хэсэгт харуул хяналт сул, шалган нэвтрүүлэх пост бараг байдаггүйтэй холбоотойгоор АНУ-аас дайжигчид ихэвчлэн амралтын өдрүүдийг сонгон явган алхаж, Канад руу нэвтрэх нь ихэсчээ.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп дүрвэгсэд, цагаачдын эсрэг зарлиг гаргасны дараа Канадыг зорих дүрвэгсдийн урсгал үнэндээ нэмэгдэж эхэлсэн байна. Он гарсаар АНУ-аас тус улсад дүрвэсэн 99 дүрвэгчийг саатуулжээ. Трамп тангаргаа өргөсний дараа цагаачлалын бодлогыг чангатгах хэд хэдэн зарлигт гарын үсэг зурсан билээ.

Гэсэн ч Сиэтлийн холбооны шүүх Ерөнхийлөгчийн цагаачлалын зарлигийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан юм. Улмаар АНУ-ын Хууль зүйн яам энэхүү шийдвэрийн талаар Сан Францискогийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч тус шүүх гомдлыг хүлээж аваагүй бөгөөд зарлигийн үйлчлэлийг зогсоосон шийдвэр хүчинтэй хэвээр үлджээ.

Зураг