Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ дахь Оросын элч Виталий Чуркин Нью-Йорк хотод гэнэт нас барлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын НҮБ дахь элч Виталий Чуркин Даваа гарагт Нью-Йорк хотод гэнэт нас барсан тухай ОХУ-ын гадаад хэргийн яам мэдээллээ.

Өнөөдөр тэр 65 нас хүрэх байсан юм. Ажил дээрээ гэнэт бие нь муудсан Чуркиний нас барсан шалтгааныг тодорхойлоогүй байна.

Урьдчилсан байдлаар түүнд зүрхний шигдээс тохиолдсон гэж дүгнэж байгаа гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү мэдээг сонсоод ихэд цочирдож, Чуркиний мэргэжлийн ур чадвар, дипломат ажлын авьяас билгийг нь өндөр үнэлж явдагаа ярьсан тухай Кремлийн төлөөлөгч хэлжээ.

Чуркин бол Оросын гадаад бодлогыг НҮБ-ын индэр дээр тууштай хамгаалагч нэгэн байсан юм.

Өчигдөр НҮБ-ын чуулганы үеэр түүний дурсгалыг хүндэтгэсэн байна.

Чуркинтай хамгийн их сөргөлддөг байсан АНУ-ын элч Никки Хэли “Намайг НҮБ-д ажиллах богинохон хугацаанд тэр найрсаг хамтрагч гэдгээ харуулсан юм. Бид бүх зүйл дээр санаа нийлдэггүй байсан ч тэр бол өөрийн орны байр суурийг агуу ур чадвараараа өмгөөлөн хамгаалагч нэгэн байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Эх сурвалж: Reuters