Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний экспорт нь хаагдсан Хойд Солонгос хакерын халдлагаа нэмэгдүүлж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Пуужингийн туршилт болон Ким Жон Намын аллагатай холбогдуулан Хятад улс өнгөрсөн Ням гарагаас эхлэн энэ оныг дуустал Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон билээ.

Ким Жон Унтай эцэг нэгтэй, 45 настай Ким Жон Нам нь Бээжингийн хамгаалалт дор Макаод амьдарч байсан гэдэг. Хойд Солонгосын одоогийн удирдагчийн түрэмгий ааш авир хэрээс хэтэрвэл Хятадууд Ким Жон Намыг төрийн толгойд тавихаар нөөцөлж байсан гэх таамаг бий.

Харин нүүрсний импортын хориг нь Хойдын дэглэмд нэлээд хохирол учруулахаар байгаа юм. Энэ бол тэдний гадаад валютын гол эх сурвалжуудын нэг.

Харин энэ хоригийн араас валютын орлогоо нэмэгдүүлэх өөр нэг арга эрчимтэй нэмэгдэж болзошгүй тухай ажиглагчид өгүүлж байна. Энэ бол кибер халдлага. Хойд Солонгос нь 6,800 орчим тооны элит хакерын армитай гэгддэг ба тэд онлайн луйвар, сүрдүүлэг, онлайн мөрийтэй тоглоом зэргээс жилд $860 саяыг олдог гэж Сөүл дэх Либерал Ардчиллын Солонгосын Хүрээлэн мэдээлжээ.

Миссуригийн Их сургуулийн Зүүн Ази судлалын мэргэжилтэн, профессор Шина Грэйтэнс “Хэрвээ бусад орлого нь хаагдвал кибер гэмт хэрэг түүнийг орлох хамгийн түрүүний сонголт болох магадлалтай” гэж ярьсан байна.

2014 онд Sony Entertainment Pictures компанийн Ким Жон Уныг шоглосон”The Interview” киноны дараа Хойд Солонгосын хакерууд тус компанийн мэдээллийг хулгайлж, анх удаа өөрийн хүч чадлыг үзүүлсэн гэдэг.

Бүр 1995 онд одоогийн удирдагч Ким Жон Уны эцэг Ким Жон Ил “21 дүгээр зууны дайн бол мэдээллийн дайн байх болно” гэж ярьж байсан нь Хойд Солонгос ямар эртнээс үүнд бэлдэж байсныг харуулж байна.

Хойдын хакерууд Өмнөд Солонгосын 160 компани, төрийн байгууллагын 140,000 орчим компьютерт өөрийн нууц кодыг суулган ирээдүйн халдлагын бэлтгэлээ хангасан байж болзошгүй тухай Сөүлийн цагдаагийн газар өнгөрсөн долдугаар сард мэдээлж байсан юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Бангладешийн төв банкнаас $1 тэрбумыг хулгайлах гэж оролдоод $81 саяыг салгаж чадсан хэрэгт Хойд Солонгосын хакеруудыг сэжиглэдэг.

Мөн үүнээс өмнө Филиппиний банканд, дараа нь Вьетнамын банканд халдсан хэргүүд гарч байв. Дээрх гурван халдлагад ашигласан програмын код нь Sony-д халдсантай ижил төстэй байсан гэдэг.

Өнгөрсөн оны тавдугаар сард Хойдын хакерууд Өмнөд Солонгосын онлайн худалдааны Interpark компанийн 10.3 сая хэрэглэгчийн мэдээллийг хулгайлж, тус компанийн ТУЗ-өөс 3 тэрбум вон ($2.6 сая) шаардаж байжээ.

Ерөнхийдөө Хойд Солонгосын хакерууд зүүн хойд Хятадын Шэнянь, Дадон зэрэг хотуудаас үйл ажиллагаагаа явуулдаг. Тэднийг Хятадын IT компаниудад ажиллуулахаар улсаас нь илгээдэг ажээ.

Мэргэжилтнүүдийнхээ орлогыг дэглэм нь шууд хурааж авдаг гэдэг. Тэдний үйл ажиллагааг гурван төрөлд хуваадаг нь орлого олох, мэдээлэл цуглуулах, АНУ, Өмнөд Солонгос зэрэг дайсан орнуудын компьютерийн сүлжээнд өөрийн нууц кодыг суулгах гэнэ.

Тиймээс Хойд Солонгосын дэглэм нүүрсний алдагдсан орлогоо нөхөхийн тулд кибер халдлагаа улам өргөжүүлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

Эх сурвалж: Time.Com