Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс элчин сайдаа Хойд Солонгосоос дуудлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Хойд Солонгосын элчин сайд Кан Чол

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намын алагдсан хэргийг тойрсон асуудал хурцдаж, Малайзийн засгийн газар Пьёньян дахь өөрийн элчин сайдаа эргүүлэн дуудаж байгааг өнөөдөр буюу Даваа гарагт зарлалаа.

Мөн Малайзийн эрх баригчдыг “дайсагнагч талуудтай” хуйвалдаж байгаа гэж буруутгасан Хойд Солонгосын Куала Лумпур дахь элчин сайдад эсэргүүцлийн бичиг гардуулсан байна.

Талийгаачийн цогцсыг хүлээлгэж өгөх Хойд Солонгосын талын шаардлагыг Куала Лумпурын эрх баригчид эсэргүүцсэнээр хоёр орны харилцаа эрчимтэй муудаж эхэлсэн юм.

Малайзийн гадаад явдлын яамны мэдэгдэлд “Манай яам Малайзийн газар нутагт гарсан нууцлаг үхлийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа ба уг үхлийн шалтгааныг илрүүлэх нь Малайзийн засгийн газрын үүрэг юм” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ким Жон Намын аллагыг Хойд Солонгосын дэглэм зохион байгуулсан гэж Өмнөд Солонгосын тал мэдэгдсэний дараа Куала Лумпурт суугаа элчин сайд Кан Чол Малайзийн эрх баригчдыг өөрт нь “дайсагнагч талуудтай” үгсэн хуйвалдаж байна гэж шүүмжилсэн юм.

Түүний мэдэгдлийг Малайзийн засгийн газар үндэслэлгүй гэж тайлбарлаад өөрийн нэр хүндийг гутаах аливаа оролдлогыг нухацтай авч үзнэ гэж мэдэгдэлдээ дурджээ.

Тэд бас Пьёньянд суугаа өөрийн элчин сайдтай зөвлөлдөх зорилгоор Куала Лумпурт дуудаад байгаагаа өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post