Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын улирлын хурдан морины уралдаанд хүүхэд оролцуулахгүй байхыг уриаллаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 20
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хурдан морины “Дүнжингарав” уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард Засгийн газрын шийдвэрээр уламжлал болгон зохион байгуулдаг. Гэвч Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.

Гэтэл тушаалыг үл ажран Засгийн газрын тогтоолоор хаврын уралдааныг 2016 оны гуравдугаар сарын 2-нд зохион байгуулсан. Энэ жил ч тус уралдаан зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж эхэлсэн. 

Тиймээс, Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний төрийн бус байгууллагуудын сүлжээ, эвсэл болон Олон улсын байгууллагууд хурдан морины ХАВРЫН уралдааныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн хэвлэлийн бага хурал өнөөдөр хийлээ. 

Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч П.Цэвээн "Энэ жил хүүхдийн эрхийн тухай хууль дөнгөж батлагдсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг таван орчинд хамгаалах талаар зааж өгсөн. Тухайлбал, гэр бүлийн орчинд, боловсролын орчинд, цахим орчинд, эрүүл мэндийн орчинд, хамгийн гол нь олон нийтийн газар буюу уралдаан, тэмцээний үед гэсэн заалтууд байдаг. Бид хаврын урь ороод удаагүй энэ үед ийм уралдаан зохиох нь аюултай гэж үзэж байна. Энэ удаад тавдугаар сарын 15-ныг хүртэл хаврын уралдааныг зохиохгүй байгаасай гэж бид хүсэж байна" гэлээ. 

Хаврын уралдааны бэлтгэл ӨВӨЛ хийгддэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хөхөө өвлийн хүйтэнд сунгаа, үсэргээнд оролцож хавар уралддаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлдөг байна.

Бүх нийтийн боловсролын Сангийн дэд зохицуулагч Б.Болорсайхан "Сүүлийн 5 жилд 1,500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан байна. 
 

Хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн. Гэвч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ. Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй (1803-1920 оны) Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүж үзэхэд тухайн оныхоо 5-8 дугаар сард даншиг наадмаа хийж байсан нь тодорхой харагдаж байна" хэмээн хэллээ.

ХАВРЫН хурдан морины уралдаан нь хүүхдэд аюултай хөдөлмөрийн хэлбэр бөгөөд хүүхдийн сурч боловсрох боломжийг хаагдуулж, эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл учруулан, улмаар хүүхдийн хамгаалагдах эрхийг НОЦТОЙ зөрчиж байгаа явдал юм. Иймд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг хэрэгжүүлэхэд Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар онцгой анхаарч, Хаврын улирлын хурдан морины уралдаанд хүүхэд оролцохыг улсын хэмжээнд хатуу хориглохыг Хүүхдийн эрхийн үндэсний болон олон улсын байгууллагууд уриаллаа.