Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

“65”-ын ХОЁР ухралт

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгууль болсон. МАН ялсан. Ард түмэн итгэж, МАН-ын “65”-ыг ордонд оруулсан. Тэд олонх болсон. Засаг байгуулсан. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Өнгөрсөн долоон сарын хугацаанд болсон бодит байдал энэ. Тэд олонх болсноос хойш өнөөгийн нийгэмтэйгээ таарахааргүй, магадгүй зарим нэгний эргэлзээг төрүүлэхээр хэд, хэдэн томоохон шийдвэрийг гаргаад байна.

Ухралт 1: Улам хаалттай болъё

Ард түмний саналаар, тэдний төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүд “Дэгийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, сэтгүүлч, зурагчдын ажиллах хугацааг богиносгохоор улайрч эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганыг сурвалжилж байсан зурагчныг хөөн гаргасан нь сэтгүүлчдийн шүүмжлэлийг дагуулав. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр хэд, хэдэн гишүүн ордонд сурвалжлага бэлдэж байгаа сэтгүүлчдийн цагийг багасгах, зурагчин, зураглаачдын кадрын тоог хязгаарлах асуудлыг ч хөндөөд амжив.

Хаалттай болох дараагийн алхам нь “Эрүүгийн хуульд” сэтгүүлчдийг хуурамч мэдээлэл тараасан, гүтгэсэн гэсэн үндэслэлээр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийг шийтгэх талаар Ц.Гарамжав тэргүүтэй УИХ-ын гишүүд саналаа хэлсэн нь аль хэдийн өөрийн удирдлагын байгууллагатай болсон хэвлэл мэдээллийг төрөөс тусгай гараар барих санааг ил гаргаж орхив. Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөө гэж ярьдаг болсон сүүлийн 20 жилийн хугацаанд “гүтгэн, доромжлох” гэсэн зүйл заалтыг авах гэж хичээж ирсэн ч энэ парламентад үгүй бололтой. Үүнээс гадна ардчилсан гэж хэлэгдэх улс гүрнүүд олон нийтийн сүлжээг хориглоогүй байхад Фэйсбүүк, Твиттерийг ч хориглох, хийсэн үйлдэлд нь хариуцлага тооцуулдаг болох талаар эрхэм гишүүд ярилцаж байна.

Ухралт 2:  Ирц хамаа байхгүй

2012-2016 оны парламентад ирцийн талаар хамгийн их ярьдаг байсан бүлэг нь Ардын намын бүлэг. Тэд эрх баригчдыг хуралдаанд суухгүй, зөвхөн ардын намын хэдэн гишүүн, Ардчилсан намын идэвхтэй гишүүдийн хүчээр хууль батлагддаг гэж үздэг байлаа. Үүгээрээ дөрвөн жилийн турш онцгойрсон гэхэд хилс болохгүй. Тэгвэл шинэ парламентын эхний чуулганд эрх баригчдын ирц хангалтгүй байлаа. Ялангуяа Ардын намаас шинээр сонгогдсон, "нялх гишүүн"  гэгдэж байгаа Д.Гантулга ирцийнхээ тоогоор сүүл мушгилаа. Ирц муутай гишүүдийн сүүлийн 10 байранд Ардчилсан намын хоёр гишүүн багтжээ. Харин ирцээрээ тэргүүлж байгаа эхний 10 байранд МАХН-ын ганц төлөөлөл О.Баасанхүү багтсан байна.  Бусад гишүүдийн ирц ч хангалтгүй байгааг та бүхэн харж болохоор байна. Хэрвээ тэд УИХ-ын сонгуульд, сонгогчдын итгэл хүлээж сонгогдсон л бол хуралдаа суух ёстой. Тэгж байж сонгогчдын илч болох учиртай.

Энэ парламентаар хэлэлцсэн олонх хуулиуд 80-аас дээш хувийн ирцтэй хэлэлцэгдэж байсан түүх үгүй. Бүр Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдлийнх болгоход ч 76-уулаа сууж байгаагүй. Хэрвээ энэ мэт байх юм бол ард түмний хүлээж байгаа олон хуулиудад тэдний төлөөлөл оролцолгүй, иргэдийнхээ байр суурийг сонсолгүй батлагдах нь байна.

*** 

Сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентын эхний хуралдаан өндөрлөөд удаагүй байна. Засаг байгуулах, Эрдэнэтийг авах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Хүчирхийллийн эсрэг хуулийг батлах гээд олон үйл явдал эхний хуралдаанд өрнөлөө. Одоо бидэнд цаашид Өрийн дарамтаас салах, Эрдэнэтийн менежментийг тодорхой болгох, Тавантолгойг "хөдөлгөх", том төслүүдээ эргэлтэд оруулах гээд хийх ажил мундахгүй байна. Харин энэ хооронд иргэдээсээ улам хаалгаа барьж, чөлөөт сэтгүүл зүйг хаалганы цаана гаргаж, чуулгандаа алмай хандахгүй байхыг эрхэм гишүүдэд сануулъя.