Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амаржаргал: 2017 онд хуурай сүүний импортлох хэмжээг 4,240 тн-оор тогтоосон

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮЯ-ын Хүнсний экспорт, импорт, тарифын зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргалаас шингэн сүүний импортыг зогсоосноор дотоодын зах зээлд ямар нөлөө үзүүлэх талаар тодрууллаа. 

-Энэ жилийн тухайд шингэн сүүний импортлохгүй байхаар болсон. Уг шийдвэр дотоодын зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ? 

-Манай улс мал аж ахуйн орон, дотоодын нөөцөөрөө сүүний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой байгаа боловч тээвэр ложистик, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сайн бүрэлдээгүйн улмаас малчдын саасан сүү, саалийг төвлөрсөн хот суурин газрын хэрэгцээнд болон үйлдвэрүүдэд хүргэхэд хүндрэлтэйгээс гадна өвөл, хаврын улиралд саалинд хамрагдах малын тоо цөөрдөг нь хуурай сүүг импортлох зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс томоохон үйлдвэрүүд хуурай сүүг боловсруулж, шингэн сүү болгон төвлөрсөн хүн амын хэрэгцээг хангаж байна. 

Энэ жилийн тухайд шингэн сүүний импортыг зогсоосноор дотоодын зах зээлийг хамгаалах үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилготойгоор сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд зориулж, хуурай сүү импортолж байна.

Гаднаас шингэн сүү импортлохгүй харин хуурай сүү авснаар түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг нь шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хэрэг. Тиймээс шингэн сүүний импортыг зогсоосноор давуу тал байгаа юм.

-Шингэн сүүний импортыг зогсоосноор хуурай сүүний импортын хэмжээ нэмэгдэх үү?

- Хүнс хөдөө аж ахуйн чиглэлд төрөөс баримтлах бодлогын баримт бичигт импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулж, дотоодын нөөцөөр иргэдийн хэрэгцээг хангах талаар тусгасан байгаа. Энэ нь шингэн сүүний импортыг хааснаар хуурай сүүний импортыг нэмэгдүүлэхгүй. Аль алиных нь хэмжээг бууруулах бодлого баримтална гэсэн үг.

2013 оноос эхлэн жилээс жилд хуурай сүүний импортын хэмжээг 5, 5 хувиар бууруулж ирсэн. Энэ нь дотоодын нөөцөөр иргэдийн хэрэгцээг хангахад чиглэж байгаа юм. Манайд улсын хэмжээнд дотоодын хуурай сүү үйлдвэрлэгч 3-4 аж ахуйн нэгжүүд бий. Мөн “Мах сүүний хөтөлбөр”-ийн хүрээнд бага оврын хуурай сүүний үйлдвэрүүд бий болно.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тоон мэдээлэл дурдвал, өнгөрсөн онд шингэн сүү импортлоогүй ч бид дотоодын хэрэгцээгээ хангаж чадсан. Түүнчлэн өнгөрсөн жил 4,476 тн хуурай сүү импортлох квот тогтоож байсан. Харин тухайн онд импортолсон хуурай сүүний хэмжээ нь 2,552 тн. Энэ жилийн квот 4,240 тн. Энэ нь заавал хүргэх ёстой тоо хэмжээ биш. Харин үүнээс илүүг импортолж болохгүй гэсэн тоо, хэмжээг тогтоож байгаа юм.

-Хуурай сүүг эрүүл мэндэд муу гэх нь бий?

-Импортолж буй хуурай сүү нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын үзүүлэлтийг бүрэн хангасан байхаас гадна үйлдвэрүүд нь шингэн сүү болгон боловсруулах явцад технологи, стандартын шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна. Тэгэхээр ямар нэгэн гаж нөлөө байхгүй.

-Хуурай сүүг ямар хэрэгцээнд ашиглаж байна вэ?

-Нийт импортолж байгаа хуурай сүүний 85 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Үлдсэнийг нь нарийн боов, бялуу зэрэг хүнсний үйлдвэрүүдэд ашиглаж байна.