Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хавдрын эсрэг иргэн бүрийг нэгдэхийг уриалав

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 2 сарын 20
Монголын мэдээ
Зураг зураг

Монгол Улс жилд 500 иргэнээ зөвхөн хорт хавдрын улмаас алдаж байна. Хатуухан хэлэхэд, энэхүү баримт мэдээллийг өнөөдөр та сонсоод “Өө тийм үү” хэмээн зүгээр л хараад өнгөрч болох ч маргааш танд, таны ойр дотны хэн нэгэн энэ аймшигт өвчнөөр хорвоог орхиж ч болох хэцүүхэн нөхцөл байдал бий болжээ. Тэр дундаа манай улсын иргэдийн дунд ходоодны хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон гэнэ.

Нэгэн жишээ дурдахад, Хавдар судлалын үндэсний төвд жилд 300 хүн ходоодны хорт хавдрын хагалгаанд ордог байна. Ийнхүү хүн амын ихэнх хувь нь өвчлөх болсон ходоодны хорт хавдар үүсэх олон нөхцөл шалтгаан байдаг. Хоол унд, амьдралын хэв маяг чухал нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна ходоодны хорт хавдраас сэргийлэх хамгийн эхний арга бол эрт илрүүлэх хэмээн эмч мэргэжилтнүүд төдийгүй олон улсад ч үздэг аж.

Манай улсын иргэд ихэвчлэн ходоодны хорт хавдрыг хожим буюу эцсийн шатанд нь орсон хойно мэддэг байна. Харин энэ үед зайлшгүй хагалгаа хийх, бүр хүндэрвэл хагалгаа хийх ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байдаг ажээ. Тиймээс “Хавдрын эсрэг-2017” аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт “Чингис” зочид буудалд боллоо.

Хамтран ажиллах гэрээнд Солонгосын хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн Хан Ван Ян, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурсан юм. Тус гэрээний хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулахаар болсон тухай манай улсын эмч, мэргэжилтнүүд онцолж байв.

Тухайлбал, Монгол, Солонгос хоёр улсын эмч нараас бүрдсэн хорт хавдар судлалын баг байгуулагдаж, улмаар ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой аж. Манай улсын хувьд ходоодны хорт хавдартай иргэд хожуу эмнэлэгт ханддаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэхүү гэрээнд тусгагдсанчлан ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх ажил амжилттай хийгдвэл уг өвчнөөр амиа алдах иргэдийн тоо буурах юм. Мэдээж үүнд иргэдийн оролцоо маш чухал. Өөртөө болон ойр дотны хүндээ ходоод хорт хавдар байгаа эсэхийг мэдэхийн тулд зайлшгүй дурангийн оношилгоонд орох шаардлагатай аж.

Өөртөө болон ойр дотны хүндээ ходоод хорт хавдар байгаа эсэхийг мэдэхийн тулд зайлшгүй дурангийн оношилгоонд орох шаардлагатай

Ингэснээр эрт мэдэж, тохирох эмчилгээг хийлгэснээр учрах эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм байна. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр иргэд жилд 1-2 удаа хорт хавдрын оношилгоо хийлгэн, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

Мөн “Хавдрын эсрэг-2017” аянд СТА Т.Дэлгэрмөрөн нэгдсэн юм. Тэрбээр “Хорвоог орхиж буй хүмүүс үхлийн талаар мэддэггүй. Харин үлдэж хоцорсон хүмүүс нь үхэл хагацлыг мэдэрдэг. Бидний амьдралд харамсмаар маш олон зүйл тохиолдсон. Үүний нэгэн жишээ нь би. Харин өнөөдөр баярлахаар зүйл бидэнд ирж байна. Энэ бол боломж. Манай эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран энэ бүхний гарц, шийдлийг эрэлхийлж байгаад талархаж байна. Тийм учраас өөрөөс чинь илүү өөрийг чинь мэддэг бурхан ч байхгүй. Өөрийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг хэлье” гэв. Мөн тэрбээр ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоонд орохыг иргэдэд уриалсан юм.

Түүнчлэн манай улсын баруун аймгуудад амьдардаг иргэдийн дунд ходоодны хорт хавдар их илэрч байгаа аж. Энэхүү үйл ажиллагааны үеэр манай улсын иргэдийн дундах ходоодны хорт хавдрын өвчлөл болон өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьсан. Энэ үеэр бид эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, зарим зүйлийн талаар ярилцсан юм.

Хан Ван Ян: Ходоодны хорт хавдрыг хожуу оношилбол эмчилгээний зардал өндөр

/БНСУ-ын Ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн/

-Хамгийн түрүүнд ходоодны хорт хавдраа эрт үедээ илрүүлбэл цаашид амьдрах хугацаа их байдаг гэдэг нь батлагдсан. Зардал ч бага гарна. Хорт хавдрыг хожуу үедээ эмчлүүлбэл мэс засал, хими эмчилгээний зардал өндөр гардаг.Тийм учраас Солонгосын Засгийн газраас ходоодны хорт хавдрыг дурандаж, эрт илрүүлэх хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөр ч үр дүнгээ өгч байна.

Ж.Чинбүрэн:Ходоодны хорт хавдар нийт хорт хавдрын 16 хувийг эзэлж байгаа

/Хавдар судлалын үндэсний төвийн захирал/

-Манай улсын нөхцөл байдлаас харахад, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх нь хамгийн чухал байна. Эхний удаад бид элэгний хорт хавдартай тэмцэх ажиллагааг цэгцтэй болгосон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний хорт хавдрыг бууруулах, түүнтэй тэмцэх чиглэлд төр бодлогоор оролцохоор болж, зорилт дэвшүүлсэн нь маш том амжилт юм.

Элэгний хорт хавдрын дараа ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа. Тэгэхээр хорт хавдартай тэмцэх бэлтгэл ажлыг энэ удаагийн аянаар эхлүүлж байна. Элэгний хорт хавдар нь нийт хорт хавдрын 40 хувь, ходоодны хорт хавдар нийт хорт хавдрын 16 хувийг эзэлж байгаа. Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлснээр улаан хоолойн хорт хавдрыг давхар илрүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр бид 60-аас их хувийн хавдрыг эрт илрүүлж, нас баралтын тоог бууруулах боломж бүрдэнэ. 

Я.Эрдэнэ-Очир: Манай улс хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг

/Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн удирдагч/ 

-БНСУ ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна л даа. Гэхдээ өвчнийг эрт илрүүлж, эмчилж чаддаг учраас нас баралтаараа дэлхийд 18 дугаар байранд ордог юм. Энэ нь эрт үеийн илрүүлэлт, эмчилгээ сайн байгаагийн үр дүн шүү дээ. Манай улс дэлхийд ходоодны хорт хавдраараа хоёрдугаарт бичигдэж байгаа атлаа нас баралтаараа нэгдүгээр байранд ороод байна. Тийм учраас бид эрүүл мэнддээ анхаарч эрт үед нь оношлуулах хэрэгтэй байна.

Д.Долгор: Ходоодны хорт хавдрын шалтгаан буруу хооллосноос болдог

/Ходоодны хорт хавдраа эмчлүүлсэн иргэн/

-Би 68 настай. Ходоодны хорт хавдраа авахуулаад Таван жил болсон. Ер нь ходоодны хорт хавдрын шалтгаан нь хоолны буруу дэглэм баримталж, буруу хооллосноос болдог юм билээ. Мөн би хелико бактертай байсан. Миний хавдар одоо бүрэн эдгэрсэн. Эмч маань хавдар гэдэг өвчинг толгойноосоо авч хаях хэрэгтэй гэж зөвлөсөн л дөө.

Манай Монгол эмч нар их чадалтай, мундаг шүү дээ. Хамгийн гол нь иргэд маань эрт үедээ эмчид хандаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Одоогоос таван жилийн өмнө нойр булчирхайгаа үзүүлсэн чинь хавдар үүссэн байна гэдгээ мэдсэн. Тэгээд л алтан гартай эмч нарынхаа ачаар хавдаргүй болсон. Би их баяртай байна.

Зураг