Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д 5,000 Монгол оюутан суралцаж байна

Ч.Зотол, Зууны мэдээ
2017 оны 2 сарын 20
Зууны мэдээ
Зураг зураг

Оросын найрамдалт харилцааг хамгаалах, хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой “Монгол, ОХУ-ын боловсролын хамтын ажиллагааны одоогийн байдал, хэтийн төлөв” онол, практикийн бага хурал өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болов.

ОХУ (3XУ) -д монгол оюутан сургаж эхэлсний 95, Монголоос ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн “МАВСУЗ” холбоо үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойд зориулж зохион байгуулсан хурал-уулзалтад улс төр, урлаг соёл, батлан хамгаалах салбарын 50 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Түүх сөхвөл одоогоос 95 жилийн өмнө Монголоос 15 оюутан Москвад очиж суралцсан байдаг. Түүнээс хойш өнөөг хүртэл 60 гаруй мянган хүн ОХУ-ын их, дээд сургууль, ТМС, техникумыг төгсчээ. Үе үеийн төгсөгчид улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ирсэн. Монголын нийт эрдэмтдийн 70 гаруй хувь, инженер техникийн ажилчдын 60 орчим хувь нь ОХУ буюу Зөвлөлтөд сургууль төгсөгчид байдаг юм байна.

“МАВСУЗ” холбоо 2016 онд ээлжит хурлаа хийж, УИХ-ын гишүүнийг Г.Занданшатарыг холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгосон юм. Тэрбээр онол, практикийн бага хурал-уулзалтын нээлтэд ОХУ-д мэргэжилтэн бэлтгээгүй улс дэлхийд байхгүйг онцлов. Тэрбээр цааш хэлэхдээ “ОХУ болон Монгол Улс олон жилийн найрамдалт харилцаатай. Монгол Улс ОХУ-д суралцагсдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн тус улсын МСҮТ-ийг төгссөн мэргэжилтнүүдийг эх орондоо урьж төмөр зам, барилгын салбарт ажиллуулах санал дэвшүүлээд байгаа ажээ.

Ингэснээр Монголын мэргэжилтнүүд ОХУ-ын залуусаас туршлага судлах боломж бүрдэнэ. Хоёр орны хамтын ажиллагаанд хамгийн өргөн, далайцтай хөгжиж ирсэн салбар нь боловсрол юм. Цаашид худалдаа, хөрөнгө оруулалт гээд бүхий л салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьж байна. Үүнд ОХУ-д төгсөгчид томоохон үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа” гэлээ.

Харин “МАВСУЗ” холбооны дэд ерөнхийлөгч Д .Цогзолмаа “Улс орнуудын хамтын ажиллагаа нэн тэргүүнд боловсрол, соёлоор дамжин хөгждөг. Энэ чиглэлд харилцаа, хамтын ажиллагаа өргөн хэлбэрээр явж ирсэн. Цаашид хоёр орны хувь хүн, компанийн хоорондын харилцаанд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр тодорхой хэмжээнд харилцаж байгаа ч учир дутагдалтай байгаа. Цаашид анхаарах хэрэгтэй ” гэв.

Хурал-уулзалтын үеэр Монголоос ОХУ-д боловсрол эзэмшүүлэх чиглэлд ямар бодлого баримтлах талаар ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, “Монгол Оросын найрамдлын нийгэмлэг”, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайловоос хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд цаашид баримтлах бодлогын талаар тодруулсан юм. Тэрбээр “1970-1980 онд Монголоос жил бүр 1,000 орчим залуус ОХУ-л мэргэжил эзэмшдэг байсан Энэ үе бол хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны оргил үе байсан.

1990-ээд оны үеэс Монголоос ОХУ-д суралцагчдын тоо цөөрсөн. 2000-аад оноос харилцаа, хамтын ажиллагаа эргээд сэргэсэн. Ер нь Монголд ОХУ-ын боловсролын систем өндрөөр үнэлэгддэг. Сүүлийн дөрвөн жил Оросын Шинжлэх ухаан, соёлын төв ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах шалгалтыг зохион байгуулж байгаа.

Монгол Улсын хөдөө орон нутгийн иргэдийг тэтгэлэгт түлхүү хамруулахаар ажиллаж байна. Элчин сайдын яам, Монгол Улсын БСШУСЯ, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгтэй хамтран энэ ажлыг зохион байгуулж байгаа. Тухайлбал, Дорнод, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт Орос хэлний олимпиад зохион байгуулж, амжилттай оролцсон 30 хүүхдийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах болсон.

Мөн ирэх гуравдугаар сард Орос хэлний улсын олимпиад зохион байгуулж, амжилттай оролцсон залууст мөн ОХУ-д суралцах эрх олгоно. Олимпиадад оролцох хүсэлтэй залуус http://mng.rs.gov.ru/mn цахим хуудсанд бүртгүүлэх ёстой. Ирэх сарын 16-18-нд ОХУ-д суралцах хүсэлтэй залууст их, дээд сургуулиудыг танилцуулах боловсролын үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д болно” гэв.

Манай улсаас ОХУ-д тэтгэлгээр суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ жил 470 хүүхэд явахаар бэлтгэлээ хангаж байгаа бол нийт 5,000 гаруй хүүхэд ОХУ-ын их, дээд сургуульд суралцаж байгаа юм байна. Тэд орос хэлийг сурахаас гадна өөрийн сонгосон мэргэжлээр өндөр боловсрол эзэмшин ирж, Монголдоо ажиллах ирээдүй хүлээж байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Зураг