Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-гаас $440 сая, нийт $5.5 тэрбумын зээлийн шугам нээгдэв

ikon.mn
2017 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОУВС-гаас Монгол Улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн үр дүнг танилцуулах Сангийн яам, Олон улсын валютын сан /ОУВС/, Монгол банкны хамтарсан хэвлэлийн бага хурлыг Төрийн ордноос шууд дамжуулан хүргэлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/627496407435931/

 

Хэрэв та гар утсаар орж байгаа бол Facebook App-аас iKonNews page-рүү орж үзнэ үү!

ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирлоо

 
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Монгол Улсын Сангийн Яам, Монголбанк нь ОУВС-ийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллалаа.

ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирлоо.

Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ" гэв.

Мөн "Төсөвт ямар хэмжээний ачаалал ирэхийг тооцохгүйгээр их хэмжээний концессийн гэрээнүүд байгуулагдсан байна. Тэгэхээр одоо байгуулагдсан концессийн гэрээнүүдэд хөндлөнгийн аудитын дүгнэлт оруулж, дараа нь төсвүүдийг нөхөн олгохоор болсон. 

Төсвийн зардлыг их хурал дээр нэмэгдүүлдэг үзэгдэл сүүлийн хэдэн жил газар авсан. Бид УИХ-тай зөвшилцөж төсвийн зардлыг УИХ дээр нэмэгдүүлдэггүй байх, хэрэв нэмэгдүүлэх бол өөр зардлыг хасах, Төсвийн зөвлөл байгуулах бодлогын арга хэмжээ авахаар боллоо" гэв. 

Тэрбээр ОУВС-тай хийсэн хэлэлцээр тийм амар хялбар байсангүй гэдгийг онцолсон юм.

Долоон төрлийн татварыг нэмэгдүүлнэ

Төсвийн бодлогын хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд 7-8 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр байна. Үүнд:

  • Шатахууны онцгой албан татварыг 7 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ.
  • ХХОАТ-ыг шатлалтай болгоно. Орлогын түвшингээс шалтгаалаад 10, 15, 20 хувь болгоно.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй үүсч байна.
  • Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлнэ.
  • Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.
  • Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
  • Импортын тамхинд байгаа гаалийн албан татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлнэ.
  • Татварын удирдлагыг сайжруулах, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллана.

Төсвийн зарлага бууруулах тал дээр:

  • Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлж, 2026 он гэхэд эрэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг 65 болгох, 2036 он гэхэд эмэгтэй хүний тэтгэврийн насыг 65 болгоно.
  • Ирэх хоёр жилдээ цалингийн зардлыг нэмэх бололцоо байхгүй.
  • 2019 оноос хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдэд өгөх боломжгүй.Одоо 60 хувьд өгч байгааг зорилтот бүлгийн 40 хувь болгоно.
  • Нийгмийн халамжийн давхцаж буй олон арга хэмжээг цэгцэлнэ.
  • Цэргийн албан хаагчийг орон сууцаар хангахгүй байхаар боллоо. Хуулийн хэрэгжилтийг хүчингүй болгоно.

ОУВС: Хятадын Ардын банкнаас своп хэлцлээ гурван жилээр сунгах боломжтой гэсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай: Хөтөлбөрийн гол арга хэмжээний талаар Сангийн сайд тайлбар хийсэн учраас би хэлэлцээрийн талаар мэдээлэл өгье. EFF бол ОУВС-гийн гол хөтөлбөрүүдийн нэг юм.

ОУВС-гаас нийт 440 сая ам.доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санжүүжилтийг авна. Мөн Хятадын ардын банкнаас своп хэлцлээ гурван жилээр сунгах боломжтой гэсэн. Нийт 5.5 тэрбум ам.долларын санжүүжилт авахаар болсон нь өмнө хэрэгжүүлж байснаас 20 дахин их юм.

Өнөөдрийн тохиролцоо ОУВС-гийн Ажлын хэсгээс гаргасан тохиролцоо. Бүрэн хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн алхам хийх хэрэгтэй.

Юун түрүүнд олон талт санхүүжилтийг баталгаажуулах ёстой. Дараагийнх нь урьдчилсан арга хэмжээ авах ёстой. Энэ нь дараах гурван арга хэмжээ байна.

  1. 2017 оны төсвийн тодотгол
  2. Банкны салбарт хийх үнэлгээ
  3. Монголбанканд байсан төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох ёстой.

Дараагийн алхам нь ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ асуудлыг батлах ёстой. Бидний төсөөллөөр ирэх гуравдугаар сард захирлуудын зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдэх байх. 

Төсвийн алдагдлыг бууруулах хүрээнд Засгийн газраас нийгмийн халамжинд гарч байгаа зарим зардлыг бууруулахгүй байх саналыг бид дэмжиж байгаа. 
Төсвийн алдагдлыг бууруулах гэдэг нь цогц арга хэмжээний нэг хэсэг байлаа.

Харин Хөгжлийн банкны үйл ажиллагааг цэгцлэх нь чухал алхам юм. 

Дараагийн гарч байгаа томоохон өөрчлөлт бол Монголбанкны хувьд мөнгөний бодлогын үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, үнийн тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллах болно.

Бид бодлогын асуудал дээр нэг байр суурьтай байж чадсан. Төвбанкны хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Тухайлбал Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх томоохон арга хэмжээ төлөвлөсөн байгаа нь манай хөтөлбөрийн гол ажил болж байна" гэв.

Мэдээллийн дараа  Сангийн яам, Олон улсын валютын сан /ОУВС/, Монгол банкны удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Ипотекийн зээл үргэлжилнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Ипотекийн санхүүжилт нийгмийн ач холбогдолтой учраас үргэлжилнэ. Гэхдээ ОУВС-гаас төсвийн шинжтэй хөтөлбөр учраас Засгийн газарт шилжүүлэх ёстой гэсэн.

Бид 2018 оноос энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. 2017 оны тухайд одоо явж байгаа журмаа цаашид хадгална. Ипотекийн хөтөлбөрт нийт 4 их наяд төгрөгийн санжүүжилт гарсан байгаа. Үүний эргэн төлөлтөөр тодорхой хэмжээний мөнгө орж ирдэг.

ОУВС-аас авч буй хөнгөлөлттэй зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй

 
Гэрэл зургийг mpa.mn

"ОУВС-аас авч буй хөнгөлөлттэй зээлийн хүүг хөвөгч хүүгээр тооцно. Хүү хоёр хувиас хэтрэхгүй байна. 

Эргэн төлөлтийн хугацаа 10 жил байна. "Стэнд Бэй" хөтөлбөрөөс ялгаатай нь эргэн төлөлт нь урт хугацаатайгаараа давуу талтай. 

Мөн эргэн төлөлт нь тодорхой хуваарийн дагуу хийгдэнэ. Түүнээс нэг дор бүгдийг нь төлөхгүй. 

 440 сая доллар нь ч нэг дор хийгдэхгүй. Гурван жилийн хугацаанд тасралтгүй олгогдоод явна"  гэж Коши Матай хэллээ.