Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнээс ХҮРЭЛ медаль хүртсэн МАТЕМАТИКЧ ОХИН

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

~Монгол хүүхдийн Амжилт~

Нэгдүгээр сарын 24-29-ний өдрүүдэд Испанийн Уеска хотод зохион байгуулагдсан "Ciudad de Huesca" олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд “Сант” сургуулийн сурагч Ганбатын Энхцэцэг 13 хүртэлх насны ангилалд амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ.

Тус сургуулийн сурагчид математик, физик, хими, биологи, монгол хэл гээд бүх төрлийн хичээлд өндөр амжилт гаргаж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харин энэ удаа авъяаслаг нэгэн охин урлагийн төрлөөр амжилт гаргаж эх орон, төрөлх сургуулийнхаа нэрийг гаргалаа.

Бид түүнтэй уулзахаар сургууль руу нь зорьсон юм.

Монголын алдарт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн охин төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар энэхүү тэмцээнд амжилттай оролцсоны нэг нь Г.Энхцэцэг охин ажээ.

Тэрбээр бидэнд “Анх удаагаа том тайзан дээр гарч үзлээ.  Миний хувьд багадаа хийл хөгжмөөр хичээллэж байсан ч төгөлдөр хуураар хичээллээд удаагүй байгаа. Удаан хичээллээгүй ч тэмцээнд бэлтгэхдээ их хичээж, өдөрт дөрвөн цагийн бэлтгэл хийдэг байсан.

Манай сургуульд хийл, төгөлдөр хуур тоглож, дуулдаг олон авъяаслаг хүүхдүүд бий. Би Монголоос О.Нандин, Э.Цогт, Д.Энэрэлт зэрэг таван хүүхдийн хамт олон улсын тэмцээнд оролцож хүрэл медаль авсандаа баяртай байна” гэсэн юм.

Харин түүний ээж Г.Түвшинжаргал “Охиндоо багаас нь хөгжмийн боловсрол олгоё гэж боддог байсан. Хүүхдийг сонирхдог чиглэлээр нь хөгжүүлж, ялангуяа хөгжмийн боловсролтой болгох нь тэвчээртэй, зүтгэлтэй, мэдрэмжтэй болгоно гэж боддог.

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон нь гэр бүлийнхэн нь их баяртай байгаа” гэж хэлэв.  

 

Г.Энхцэцэг охины хувьд төгөлдөр хуур сайн тоглохоос гадна математикийн хичээлдээ чамлахааргүй сайн гэдгийг олж мэдлээ.

Учир нь түүний авсан шагналууд дотор МУАБ У.Маамын нэрэмжит математикийн түргэн бодолтын олимпиадаас авсан хүрэл медаль, олон улсын “Каngaroo 2016” олимпиадад амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарсан сертификат зэрэг байсан юм.

"Ciudad de Huesca" тэмцээнд Польш, Хятад, Япон, Испани, Итали, Канад, Солонгос зэрэг 10 гаруй орны шилдэг хүүхдүүд оролцжээ. Энэ талаар Г.Энхцэцэг охин “Олон улсын тэмцээн учраас гадаадын маш олон хүүхдүүдтэй хамт байж, Испани улсаар аялсан. Тэмцээнд оролцох явцдаа англи хэлээр бусад хүүхдүүдтэй харилцаж байсан. Би нэгдүгээр ангиасаа “Сант” сургуульд сурч байна. Сургуульдаа эзэмшсэн хэлний мэдлэг их хэрэг боллоо” гэв.

“Сант” сургуулийн багш нар сурагчдаа хүссэн чиглэлээр нь хөгжүүлэх, бүх салбарт хүчийг нь сорих дуртай. Тэдний дундаас дэлхийн шилдэг их сургуульд элссэн олон төгсөгч бий.

ТЭМЦЭЭНИЙ ГЭРЭЛ ЗУРГУУД:
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.