Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: ОУВС-гийн шаардлагаас үүдэн төсөвт тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны Байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус байнгын хорооны намрын чуулганы хугацаанд 13 удаа хуралдаж, 11 хууль, 1 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцжээ. НББСШУ-ны Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Гантулга нар мэдээлэл хийлээ.

Тус байнгын хорооноос Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан байна.

Ингэснээр төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-6О хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жилийн хугацаагаар сонгох буюу томилж, бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болдог байхаар хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм.  

Хүчин төгөлдөр үйлчилж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд ахмад настны нийгмийн халамж, хамгааллын чанартай хуулийн заалтыг тусгаж байсан. Харин Ахмад настны тухай хуульд ахмад настны эрх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах зэрэг асуудлыг цогцоор нь тусгажээ.

Энэхүү хуулийн хүрээнд Насны хишгийг 65-69 настай ахмад настанд тавин мянга, 70-79 настай ахмад настанд наян мянга, 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийн хэмжээтэй жилд нэг болон долоодугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн олгоно гэдгийг Байнгын хороонд дарга Л.Энх-Амгалан онцоллоо.

Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Байнгын хороо анхны хуралдаанаасаа эхлэн анхаарал хандуулж, салбарын яамтай хамтран ажилласны дүнд 18 хувь байсан малчдын зээлийн хүүг 15 хувь болгон бууруулсан. Мөн 2016 оны намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулахад эмэгтэй гишүүд анхаарал хандуулж ажилласан. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн” гэлээ.  

"Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр дуусаагүй байгаа. Хэлэлцээр дуусаагүй байхад мэдээлэл өгч болохгүй"

Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Намрын чуулганаар халамжийн чиглэлийн олон хууль батлагдлаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсөвт хэр хүндрэл учруулж байна вэ?

Л.Энх-Амгалан: -УИХ-ын намрын чуулганаар 2016-2020 он хүртэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон нийгмийн чанартай томоохон хуулийг баталсан. Энэ нь хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгохоор энэ оны төсөвт эх үүсвэрийг нь баталсан. Боловсролын зээлийн сангийн хуулиар энэ оны төсөвт эх үүсвэрийг нь 103 тэрбум төгрөгөөр баталлаа.

“Насны хишиг”-ийг олгоход 20 тэрбум төгрөг энэ оны төсөвт тусгагдсан. Энэ мэтчилэн дан ганц халамж гэхгүйгээр нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, хавтгайрсан халамжаас илүү нийгмийн хамгааллыг шийдвэрлэхэд зорьсон. Төсөв, эдийн засаг хүнд байгаа хэдий ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асуудлаа намрын чуулганаараа хэлэлцэн баталлаа.

-Хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх бол?

-Хаврын чуулганаар нийгэмд чиглэсэн хэд хэдэн хуулийг манай байнгын хороо чуулганы хуралдаанд бэлтгэж оруулна. Залуучуудын хөгжлийн тухай, Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэгт мөнгөн тэтгэмж олгох, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн харилцааны тухай гээд хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч яг бодит байдал дээр хэрэгжилт тааруу байгаа гэсэн шүүмжлэл гарах боллоо. Энэ нь төсөв хөрөнгөтэй холбоотой байна уу?

М.Оюунчимэг: -Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэх явцад Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд очиж ажиллаж байсан л даа. Энэ хуулийн хэрэгжүүлэхэд сум, баг, хорооны нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтны уялдаа холбоо мөн санхүүгийн асуудал хүндрэлтэй байсан.

Тиймээс үүнийг хуульд заавал тусгах шаардлагатай дүгнэлтэд хүрч байсан. Сая хууль батлахдаа ч үүнийг тусгасан. Санхүүжилтийн асуудлыг ХЗДХЯ, БСШУЯ болон дүүрэг, сумдын төсөвт тусгасан. Гэхдээ энэ хууль дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа учир уялдаа холбоог нь сайжруулах асуудал гарч байгаа.  

-ОУВС, Засгийн газрын хоорондын хэлэлцээр энэ долоо хоногт дуусгавар болно гэж байсан. МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газартаа чиглэл өгсөн гэх яриа гарлаа. Энэ талаар?

Л.Энх-Амгалан: -МАН-ын бүлгийн хуралдаанаар өчигдөр ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар Засгийн газраас мэдээлэл сонслоо. ОУВС-гийн хэлэлцээрт орохоос өөр гарц байхгүй. ОУВС-гийн зүгээс өрийн дарамтыг ачаалал багатай яаж давах вэ, төслийн сахилга батыг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тавьж байгаа. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт  тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй.

-ОУВС манай талд хатуу нөхцөл, шаардлага тавьж байгаа гэж байна. Тэдний зүгээс ямар нөхцөл тавьсан бол?

-Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр дуусаагүй байгаа. Хэлэлцээр дуусаагүй байхад мэдээлэл өгч болохгүй. Хамгийн гол нь эдийн засгийн бодлогын алдааг засч залруулахыг ярьж байгаа. Монгол банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Хөгжлийн банкнаас санхүүжилт хийсэн төсөл, төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессийн төсөл хөтөлбөрүүд бодлогын алдаа болж, төсвийн алдагдлыг бий болгосон. Үүнийг засч залруулах шаардлага тавьж байгаа юм билээ.

-Өнгөрсөн 4 жилд цалин тэтгэвэрийг  20 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэж ярилаа. Цалин, тэтгэврийг цаашид нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хэр нэмэгдүүлэх бол?

-Одоо бид 1.4 их наядыг авсан зээлийнхээ хүүнд төлж байгаа. Төсөв дээр байгаа хамгийн том дарамт болж буй зээлийн хүүгээ бууруулах шаардлагатай. ОУВС-тай хөтөлбөрт орж байгаа хамгийн гол нөхцөл бол зээлийн хүүгийнхээ дарамтыг бууруулъя, төсвийн алдагдлаа багасгая, эдийн засгийн өсөлтийг дэмжье гэсэн гурван бодлогыг явуулахаар  цалин, тэтгэврийг нэмэх боломж олдоно гэж бодож байгаа. Засгийн газар, УИХ 2016-2017 оныг эдийн засгийн хямралаас хохирол багатай гарах, 2018-2019 он эдийн засгийн өсөлтийг хангах он жилүүд байна гэж төлөвлөж байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан 15 хувиар нэмсэн. Үүнтэй уялдаж цалингийн хэмжээ нэмэгдэх, тэтгэврийн хэмжээ нэмэгдэх ийм боломжуудыг олгож байгаа. Ахмадын тухай хуулиар хуучин тэтгэврийг зөвхөн инфляцитай амьжиргааны доод төвшин, инфляци, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж нэмнэ.