Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ дахин жагсаал хийнэ гэв

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 2 сарын 17
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас хоёр удаа жагсаал хийсэн байгаа. Хоёр удаа жагсаал хийхдээ төрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын захирагч нарт шаардлага хүргүүлсэн, гэвч шаардлагын хариу одоог хүртэл ирээгүй байгаа аж. Энэ тухай өнөөдөр УЭЭА ТББ-ийн төлөөлөгч нар хэвлэлийн бага хурал хийлээ.

УЭЭА ТББ-ын үйл ажиллагаа хариуцсан координатор Г. Март "Бидний зүгээс бүтэшгүй, биелүүлж боломгүй шаардлагыг хүсээгүй. Гэвч бид хариу ирээгүй гээд шаардлагын хариугаа нэхэхээ болихгүй. Бид дахин дахин шаардсаар байх болно. Одоогийн байдлаар утааг гамшгийн хэмжээнд байна гэж ярьдаг боловч, ямар нэгэн арга хэмжээ авахгүй, үйл ажиллагаа хэтэрхий удаашралтай, үр дүн багатай байна" гэлээ.

Шаардлагуудаас дурдвал:

  • Нэгдүгээрт, шаардлагад нэн даруй хариу ирүүлэх ёстой байсан боловч ирээгүй.
  • Хоёрдугаарт, хүүхдийн өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг сараар биш долоо хоног болгон гаргах ёстой.
  • Гуравдугаарт, өнөөгийн эмнэлэг, тэр дундаа хүүхдийн эмнэлэгийн ор хүрэлцэхгүй байгаа. Тийм учраас бид хүүхдийн эмнэлгийг энэ жил барьж өгөхийг шаардсан
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамд, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг, бусад хэрэгслийн тоог 15-45 хувиар бууруулахыг шаардсан
  • Улаанбаатар хотын төрийн өмчийн бүх хүүхдийн цэцэрлэг болон сургуулиудад агаар цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулж өгөхийг хүссэн. Одоогийн байдлаар Монгол Улсад 3,500 орчим агаар шүүгч хэрэгтэй гэсэн тоо байдгаас 200 орчмыг нь л бид авж байна. Энэ боло хангалтгүй тоо.
  • Гамшгийн бүсэд байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, 3 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагчтай нь бохирдол багатай бүсд өвлийн улиралд сувилуулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50 хувь олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх гэх мэт шаардлагуудыг албан бичгээр хүргүүлжээ.

Одоогоор агаарын бохирдлыг бууруулах 10 ажлын хэсгүүд байгаа аж. УЭЭА ТББ-ынхан энэхүү ажлын хэсэгт албан бичигээ өгөн, иргэдийн төлөөлөл болон хоёр хуралд суусан байгаа юм. Цаашид ч бас ажлын хэсгүүдэд албан бичигээ өгөөд, хуралд суух хүсэлтээ илгээсээр байгаа гэнэ.  

Шаардлагын хариуг хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан УЭЭА ТББ-д бичгээр, мөн нийт иргэдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаардсан байсан боловч хариу ирээгүй тул тэд цаашид хариу иртэл тэмцэнэ, мөн дахин жагсаал хийнэ гэдгээ мэдэгдлээ.