Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Чойжамц: Улс орны хэмжээнд авч үзвэл ерөнхийдөө САЙХАН жил болно

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 2 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Бурхны Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц өнөөдөр Монголын ард түмэн, сүсэгтэн олондоо XVII жарны "Алтан унжлагат" хэмээх "Гал тахиа" жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц “Гал мичин жил Монголын ард түмэн, сүсэгтэн олон бүгдээр жаргал цэнгэлтэй, тэнгэр хайрхан биднийг ивээж, зуд турхан багатай, шашин төрийн хувьд ихээхэн амжилт бүтээлтэй сайхан жил гарлаа.

Гал тахиа жил гарч, Монголын нийт ард түмэнд сайхан зүйл авчирсан, сайхан жил болно хэмээн бэлгэшээж байна.

Тахиа гэдэг амьтныг Монголчууд бид ихээхэн бэлгэшээж үздэг. XVII жарны "Алтан унжлагат" хэмээх "Гал тахиа" жилийн зурхайг ажихад сайхан жил болох нь. Төрсөн жилээрээ хүн болгоны төөрөг адилгүй боловч улс орны хэмжээнд аваад үзвэл ерөнхийдөө сайхан байх янзтай байна.

Жилийн эхэнд салхитай ихтэй, нийт хүн амын дунд галын аюулаас болгоомжлохыг учирласан зураг гарчээ. Засаг төрийг удирдаж байгаа дарга нар нэлээн болгоомжтой байх, ард түмнийхээ үгийг анхааран сонсож байх хэрэгтэй.

Нийт ард түмний аж байдал, амьдрал ахуйд өөрчлөлт дэвшил гарах боловч түүнийгээ голж, сэтгэл ханамж дутуу байх, чамлах байдалтай.

"Цагаан сар бол Монголчуудын бидний хувьд хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний сайхан баяр"
 
Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс амьдралдаа гарсан сайн сайхан зүйлд баясч, сэтгэл хангалуун байвал улс орон тогтвортой сайхан байх янзтай байна.

Энэ бүгдийг бодож, сэтгэж, ажил хөдөлмөртөө туулбиртай, болгоомжтой, аливаа зүйлд хандах хандлагадаа эдгээрийг анхаарч үзвэл ер алзахгүй.

Монгол түмний бэлгэдэлтэй сайхан баярын өдрүүд болж байна. Бид хуучин жилийн сүүлийн өдөр, шинэ жилийн эхний өдрийг хамгийн их баяр баясгалантайгаар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Цагаан сарыг бид олон зуун жилийн турш тэмдэглэж ирсэн уламжлалтай. Монголчуудын хувьд хотол олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний сайхан баяр.

Ард түмэн, сүсэгтэн олон та бүхэндээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, цэвэр ариун байлгахыг хичээнгүйлэн сахиж, урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” гэлээ.