Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаа төлөвлөөд үзэх үү?

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 2 сарын 17
Сурталчилгаа

ГУРВАН ГИЙГҮҮЛЭГЧ

 

Гийгүүлэгч Номио

Өглөө эртлэн босож, тайван ундлаад, ажилдаа бэлтгээд явах нь тухайн өдрийн ажил бүтэх хамгийн том эхлэл гэж би боддог юм. Зарим өдөр ажлаасаа бага зэрэг хоцроход өөрийн эрхгүй бухимдаад эхэлдэг. Яарснаас болоод дүрэм зөрчиж торгуулах, таксидах, өдрийн хоолоо мартах зэрэг асуудал гардаг. Ихэнх байгууллага хоцорсон минутаар цалингаас  суутгадаг. Энэ тэгээд тав арав гэлтгүй санхүүгээс зулгаана.  

Уулзалтаа гэнэт санаад яаран гарахдаа идэж байсан хоолоо дуусгалгүй гүйснээс болж дахиад л хоол эргүүлэх хэрэг гарна. Энэ бол миний зарим өдрийн бүтэлгүйтлийн жишээ. Гэр ажлын хооронд зайтай учир хоцорсон бол такси болон хоолонд дор хаяж 10, 000 төгрөг салхинд хийснэ. Энэ бол төлөвлөөгүй зардал. Тиймээс ажил болон төлөвлөсөн уулзалт, сургалтаасаа хоцрохгүйн тулд ажлын хуваариа тэмдэглэж сурах хэрэгтэй юм. Утасны аппликейшин ашиглах нь илүү хялбар байдаг шүү.

Өглөө бүр 5 минут орчим өнөөдөр би юу хийх вэ? гэж өөрөөсөө асуувал олон ажил амжуулж чадна. Тэмдэглэл хөтлөөд сурвал цаг заваа үрэхгүй, дэмий зүйлд мөнгөө үрэхгүй байх сайн талтай. Хамгийн гол нь та стресст өртөхгүйгээс гадна хүнтэй уулзахаасаа өмнө юу ярихаа бодож, аяга кофе уух зав гарна.

Хэрвээ та стресстэхгүй амьдармаар байвал яг одоо хэдэн цагт ямар ажил амжуулж болохыг тэмдэглээд үзвэл ямар вэ? Зөвхөн өнөөдрийх биш, сарын төлөвлөгөөгөө цаасан дээр буулгаад үзээрэй. Гэвч та бараг цагаан цаастайгаа л  сууж байж байна уу.Учир нь бидэнд төлөвлөснөөсөө төлөвлөөгүй ажлууд асар их байдаг. Гэхдээ өдөр бүр тэмдэглэл хөтөлснөөр та төлөвлөгөөтэй амьдарч сурна. Төлөвлөгөөтэй амьдарч сурснаар та зорилгодоо хэрхэн хүрэх, хэнтэй, хэзээ уулзах зэргээс гадна юунд мөнгөө зарцуулах, юунаас зардлаа хэмнэх талаар төсөөлөлтэй болж чадна. Мөн найз нөхөд, хамтран зүтгэгчид тань төрсөн өдөр, уулзалт зэргээ урьдчилан хэлж сурна. Та өөрийн цагаа:

Эрүүл мэнд – Ажил – Гэр бүл – Хөгжилдөх – Суралцах – Өөртөө зарцуулах цаг гэж тодорхой болгож сурна. Та туршаад үзээрэй. Амьдрал тань илүү хөгжилтэй болно гэдэгт итгэлтэй байна.  


 

Гийгүүлэгч Тогоо /олон нийтийг төлөөлнө/

Бичлэгийн эхэнд өөрийгөө жаахан магтчихъя. Зарим найз маань чи яаж амжуулаад фитнест явж, уул хадаар алхаад байна гэдэг юм. Үнэндээ энэ маш амархан. Та бидэнд яг ижил тэнцүүхэн хоногийн 24 цагийн хугацаа оногдсон. Бүгдийг амжуулахын тулд жаахан хувийн зохион байгуулалтаа сайжруулчихад л уг нь бүх юм ок. Гэхдээ яг нэг сарын хугацаанд би жаахан тиймхэн байгаа. Хувийн шалтгаанаа түр орхиж, өөрийгөө жаахан муулахад, үүнээс болж их олон зүйл алдаж байгаа нь харамсалтай.

Уг нь амралтын өдрүүдэд л долоо хоногийн ажлаа төлөвлөчихөд их зүгээр байдаг. Мэдээж ээжүүд амралтын өдрүүдэд “Үнсгэлжин”-гийн ажлаа хийх хэрэгтэй болно. Хүүхдүүдээ угааж арчих, хүнсээ цуглуулахаас эхлээд юу эс  мундах вэ.

Амралтын өдрүүддээ 7 хоногийнхоо хоолны махаа татаад, бууз баншаа чимхэж хөлдөөгөөд, гурилаа элдэж зуураад бэлэн болгочихсон байхад ажлын өдрүүдэд орой ямар хоол хийх вэ гэж санаа зоволтгүй амьдарч болно. Энэ нь мэдээж танд дасгалдаа сэтгэл амгалан явах боломжийг олгоно. Хоолоо ч хийгээгүй байж дасгал гээд гүйгээд байвал нөхрүүд уурладаггүй юмаа гэхэд дургүйцэх  магадлалтай шүү дээ.

Хэрвээ ингэж чадахгүй бол бэлэн бууз банш авах зэргээр мөнгө үрэгдээд л эхэлдэг. Мэдээж амралтын өдрүүдэд бэлдсэн хоолны материалаа ашиглаад хувцсаа өмсөж, нүүрээ будаж байх зууртаа л өглөөний хоолоо пурхийлгээд л гарахад л өдрийн хоолны мөнгөө хэмнэчихнэ. Өмнө нь сэрдэг байсан цагаасаа 30 минутын өмнө босоход л та ийм боломжийг өөртөө олгоно. Урин дулаан цагт бол та нэг цагийн өмнө босоход л ажил руугаа алхаж эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж болж байна. Заримдаа оройтож босвол нэг буудал ч болтугай алхахыг хичээдэг. За тэгээд эрүүл байх нь эм тарианд мөнгө үрэхгүй байх сайн талтай шүү дээ. Суралцаж байгаа болохоор хичээл хийх өдрөө дасгалд явахгүй өдөртэйгээ сөөлжиж зохион байгуулах, хамгийн их төвлөрдөг цагтаа ажлынхаа ихэнхийг нь амжуулах гээд өөрийнхөө хэмжээнд цагаа төлөвлөөд ирэхээр илүү олон ажил амжуулдаг.

 Амралтын өдрийн өглөө гэрийнхнийгээ сэрж байхад ууланд алхаад ирэх нь тийм ч хэцүү зүйл биш. Ямар ч мөнгө үрэгдэхгүй. Харин үдээс хойш нь хүүхдүүдтэйгээ жаахан хоол боож аваад салхинд гарах, эсвэл сард нэг удаа кино үзэх гэх мэтээр бага насанд нь дурсамж бүтээхээр зүйлд цаг заавал гаргахыг хичээдэг. Цагаа төлөвлөөгүйгээс л юу ч хийж чадахгүй байгаа мэт бухимдаж, бас дэмий зүйлд мөнгөө үрж, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цагаа үрдэг шүү дээ. Сарын дараа өөрийгөө магтаад сууж байвал юутай сайхан билээ. Хамтдаа хичээгээд үзэх үү.  


 

Гийгүүлэгч Сэржээ /гадаадад амьдарч ажиллаж байгаа Монголчуудыг төлөөлнө/

Миний хувьд цаг төлөвлөлт гэдэг нь цаг барихаас эхэлдэг. Болзсон цагаасаа хоцрохгүй, цагаа яс барих нь цаг төлөвлөлт сайтай хүн гэсэн үг. Цаашлаад энэ нь аливаа зүйлд хариуцлагатай хандах хандлага, бусдыг хүндлэх хүндлэл, магадгүй амжилтанд хэр хурдан хүрэх вэ гэдгийн шалгуур байх.  

Би монголд байхдаа цаг барьдаггүй, хоцорсон буруугаа замын түгжрэлд тохчихдог хүмүүсийн нэг байсан. Оюутан байхад СЭЗДС-ийн Ишцэдэн багш маань хаалгаа барьж, хоцорч ирсэн нэгэнтэй хариуцлага тооцдог байсны шалтгааныг саяхан л бүрэн ойлгосон гэхэд хилсдэхгүй. Эсвэл мэддэг байсан ч хэрэгжүүлдэггүй байсан би гэдэг хүн  цаг барьж сураад цөөхөн жил болж байна. Солонгосчууд цаг маш сайн барьдаг хүмүүс. Урд шөнө нь хэдэн цаг хүртэл шоудаж, зугаацсан ч маргааш нь ажил дээрээ, хичээл дээрээ яг л цагтаа сууж байдаг. Магадгүй энэ нь сургуулийн системтэй нь холбоотой байж болох юм. Хичээлийн дүнд ирц маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийт 100 онооны 10-с дээш хувийг ирцийн оноо эзлэх бөгөөд 10 минутаас дээш хоцорвол тэр оюутныг хичээлд ирээгүйгээр тооцдог бөгөөд эмнэлэг хэвтсэн л биш бол ямар ч шалтгаантай байсан ирээгүйгээр тооцогддог. Ханиад хүрэх, өвдөх гэдэг нь нас биенд хүрсэн  том хүний хувьд хариуцлагагүй байдлыг илэрхийлдэг гэж үздэг хүмүүс нэлээдгүй бий. Мэдээж энд хүнд өвчнүүдийг хэлээгүй. 

Анх хэлний бэлтгэлд суралцаж байхдаа нэлээдгүй их хоцордог байлаа. Нэг өдөр багш маань “Монголчууд бүгд цаг барихдаа таруухан уу” гэж асуулаа. Яасан гэж асуутал чи ч тэр, манай сургуульд сурдаг ихэнх монгол оюутнууд хичээлээсээ хоцрох юм. Энэ маш муу зан гэж билээ. Ер нь гадаадад би эх орноо төлөөлж байгаа болохоор үг бүрээ, үйлдэл бүрээ хянаж байх ёстойг тэгэхэд гүн батаар ойлгосон юм.  

Ажил ч бай, амин хувийн уулзалт ч бай  цаг барих нь нөгөө хүнээ хүндэлж, хариуцлагатай байдлаа үггүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Ийм л хүнд илүү хариуцлагатай ажлыг даатгаж, илүү их итгэл найдварыг өгдөг гэдгийг энд суралцаж байхдаа маш олон зүйлээс ойлгож авсан.

Мөн миний хажууд цаг төлөвлөлт, цаг барилтын амьд үлгэр жишээ байнга хамт байдаг болохоор түүнээсээ үлгэр жишээ авч, хэрхэн бусдад хүндрэл учруулахгүй байх, өөрийнхөө цагийг хэрхэн зөв хувиарлах, төлөвлөсөн л бол төлөвлөгөөнийхөө дагуу хийх зэрэг маш их зүйлийг сурч авсан мөн сурсаар байгаа билээ. Танд ч гэсэн амжилт хүсье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.