Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс цахилгаан машинд зориулан энэ онд 800,000 цэнэглэгч станц байгуулна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Шинэ төрлийн хөдөлгүүртэй автомашины тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятад улс энэ онд 800,000 шинэ цэнэглэгч станц байгуулахаар төлөвлөжээ.

Энэ төрлийн автомашинуудыг NEV (New Energy Vehicle) гэж нэрлэж байгаа бөгөөд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин (EV-Electric Vehicle), цахилгаанд залгадаг хибрид (PHEV- Plug-in Hybrid Electric Vehicle) машин багтдаг юм. PHEV төрлийн машинууд нь уламжлалт хибрид боловч, эрчим хүчний үүсгүүрт залган цэнэглэж болдог машин ажээ.

Шинэ станцуудын 100,000 нь нийтэд зориулагдах бол 700,000 нь такси, автобус зэрэг үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд зориулагдах юм байна.

2016 онд Хятад даяар 100,000 цэнэглэгч станц нэмснээр нийтдээ 150,000 нийтэд зориулсан станцтай болоод байгаа юм.

Шинэ станцууд голдуу хурдны зам дагуу, хот дотор байгуулагдана. Бээжин, Шанхай хотуудад 5 км радиус тутамд байх ба 14,000 км хурдны зам дагуу байгуулах гэнэ.

Нийтдээ 5 сая цахилгаан автомашин Хятадад явдаг болохын тулд 2020 он хүртэл ийм эрчимтэйгээр станцуудыг байгуулахаар төлөвлөжээ.

2016 онд Хятадад 507,000  NEV төрлийн автомашин борлогдсон бол 2017 онд энэ тоо 800,000 хүрэхээр байгаа юм.

Үүний 350,000 нь суудлын зориулалттай байх ба үлдсэн нь нийтийн тээврийнх байна гэжээ.

2015 онд тус улсад ердөө 30,000 цэнэглэгч станц байсан юм.

 

Эх сурвалж: Forbes