Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Витамин D ханиад томуунаас хамгаалдаг болох нь судалгаанаас харагджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

D витамины ач холбогдлын тухай маргаанд нэмэр болох нэгэн судалгааны үр дүнг саяхан танилцуулжээ.

Лондон хотын Хатан Хаан Мэрийн Их сургуулийн судлаачид 14 орны 11,000 орчим хүнийг хамруулан хийсэн судалгааныхаа тайланг өнөөдөр “The BMJ” анагаах ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

Тэдний олж тогтоосноор D витамины өндөр дутагдалтай хүмүүс нэмэлт витамин хэрэглэснээр ханиад томуу зэрэг амьсгалын замын бусад өвчнөөс хамгаалагдаж байжээ.

Судалгааг ахалсан Адриан Мартинеу “D витамины дутагдал өндөртэй хүмүүс уг витаминыг нэмэлтээр өдөр бүр, эсвэл долоо хоног бүр их тунгаар хэрэглэхэд амьсгалын замын өвчнөөс хамгаалах нөлөө нь хамгийн үр дүнтэй байгаа нь харагдсан” гэж өгүүлсэн байна.

Үүний шалтгааныг тэд витамин D нь хүний уушгин дахь антибиотик маягийн пептидүүдийг нэмэгдүүлдэгт оршиж байна гэж дүгнэжээ.

Ханиад томуу их байдаг өвөл, хаврын улиралд хүмүүсийн D витамины хэмжээ хамгийн бага байдагтай энэ таамаглал бас таарч байгааг онцолсон байна.

Судалгааны үр дүнд гарсан таамаглалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлах хэрэгтэйг тэд бас анхааруулжээ.

D витамины хүний биед үзүүлэх нөлөө, ач холбогдол нь эрдэмтдийн байнгын маргалддаг сэдэв юм.

Энэхүү бодисыг хүн хоол хүнс, нарны гэрлээс арьсаараа дамжуулан авах ёстой гэдэг боловч цаг уурын нөхцөл байдлаас болоод сэрүүн бүсийн хүмүүст байнга дутагддаг гэж үздэг.

 

Эх сурвалж: Japan Times