Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Зудтай байгаа аймгуудад USAID нэг сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 16
www.ikon.mn
Зураг зураг

Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх "Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад төр, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах" ажлын хэсгийн тайлант хурлыг удирдан явууллаа.

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар манай улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын донор байгууллагуудаас тусламж хүссэн. Тусламжийн хүрээнд Олон улсын 13 байгууллага, хоёр орны Засгийн газар 3,800,000 ам.доллар буюу 9 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц санхүүгийн болон техник, бараа материалын туслалцаа үзүүлэх болсоноо илэрхийлээд байна. 

Шадар сайд У. Хүрэлсүх өвөлжилтийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийн талаар товч танилцуулаад, тусламжийн гараа сунгасан Улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн зөн, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагад талархал илэрхийлэв. Мөн НҮБ-ын Онцгой байдлын тусламжийн сангаас тусламж авах чиглэлээр болон Олон улсын хүмүүнлэгийн багийг удирдаж ажиллаж байгаа НҮБ-ын Суурин зохицуулагч, хатагтай Биате Транкман болон бүх олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархлаа.

НҮБ-ын Суурин зохицуулагч, хатагтай Биате Транкман  “Монгол Улсын Засгийн газар болон Шадар сайд Олон Улсын байгууллагуудыг нэгдсэн мэдээллээр ханган ажиллаж байгаад талархаж байна. Энэ нь бидний ажилд томоохон тус болж байгааг хэлэх нь зүйтэй. Бидний үзүүлж буй тусламжийг хүрэх ёстой эзэнд нь хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн 48 сумын нийт 1,000 малчин өрхөд Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо бэлэн мөнгөний тусламж олгох болсоноо тайлант хурлын үеэр мэдэгдлээ. Энэ мөнгийг малчид Хаан банк дахь нэрийн дансаараа дамжуулан авах бөгөөд малчин өрх тус бүрд 245 мянган төгрөг ногдож байна.

Мөн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг /USAID/ нэг сая ам.долларын дэмжлэг үзүүлэх болсны зэрэгцээ Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд аймгийн нийт 1,740 өрхөд өвс, тэжээлийн багц олгох юм. Өвс, тэжээлийн багцад эрдэсийн долооц 8 кг, хуурай сүү орлуулагч 10 кг, загасны тос 1 литр, нэмэлт витамин тэжээл 3 кг  багтаж байгааг холбогдох албаныхан уламжилсныг Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.