Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт нээлээ

ikon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч  Сергей Георгиевич Левченко тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн  “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ. 

Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, дээрх хоёр чиглэлээр хамтрах санал ирвэл дэмжих болно гэлээ.

Эрхүү мужийн бизнесийн төлөөлөл 25 бизнесмэн Амбан захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Тэднийг Монголын биенесмэнүүдтэй холбох, Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийг Улаанбаатарт байгуулж байгаа болон Эрхүүд, түүн дотроо тус мужийн Зам, харилцааны сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж буйгаа Амбан захирагч  Сергей Георгиевич Левченко дурдлаа.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголын ард түмэн Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж үздэг, тийм учраас Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагаар дамжаад ОХУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ жил Монгол, Оросын бизнесмэнүүд оролцсон “Экспо” болно, энэ арга хэмжээнд оролцох Эрхүү мужийн хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүнд хил, гаалийн татварыг хөнгөлөхөөс эхлээд таатай нөхцөл олгоно.

Харин Амбан захирагч та аль болох олон хөрөнгө оруулагч, бизнесмэн ирүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ үзүүлнэ гэдэгт найдаж байна гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлов хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.