Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрс нь өөрчлөгдсөн барилга, Дүр нь солигдсон дарга

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

UB мартын зүүн урд байрлах барилгыг та санаж байгаа байх. Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдана гэж байсан барилга, өндөр шилэн барилга болж. Одоо өндөр шилэн барилга намын байр болсон байгаа. Орсон нам нь ч шинэчлэгдэж, барилга бариулсан “вантан” даргын суудалд тухалжээ. Хүүхдийн төлөө зориулагдана гэж байсан барилга баригдсанаасаа хойш гурван жилийн дараа барилгын дүрс нь ч, даргын дүр нь ч тэс өөр болчихож.

Ондоо дүрс

Шонхор Тауэр. Саяхан солигдсон нэрээр бол Ардчиллын Өргөө. Энэ барилгын дүрс нь өөр байсан. Өөр байсан гэдгийг Л.Болормаа ахайтан амьд ахуй цагтаа бидэнд илчлээд тэнгэрийн орноо одсон. Түүнийг одсоноос хойш өөрчлөгдсөн дүрс нь, солигдсон дүртэйгээ хамт мартагджээ.

Хэрвээ энэ цаг мөчид Л.Болормаа сэтгүүлч амьд байсан бол юу гэх байсан бол? Хятадын засгийн газрын тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” байгуулахаар болж, тэр нь Баянгол дүүрэгт баригдах товтой байв. Гэтэл байрлал тов нь огт өөрчлөгдөж 2014 онд хүүхдийн паркын орох гарц байсан газарт одоо бидний мэдэх шуугиан тарьсан барилгыг барьсан юм. Хятадын засгийн газар үүнд хэдийг зарцуулсан бэ, гэж үү? 30 тэрбум төгрөг. 

2017.02.15 14:00 цаг

Намын туг далбаа сүртэй гэгч нь салхинд хийсч “Шонхор” нэртэй барилга “Ардчиллын өргөө” болон өөрчлөгджээ. Гаднах хаягийг нь харвал элдэв банк бус санхүүгийн байгууллага, төрийн бус байгууллага, кафе шопны хаяг хаджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан нэг ч хаяг алга. Бүр хөгжлийн бэрхшээлтэй хүн орж болохгүй нөхцөл байдал интерьер заслаас нь харагдаж байлаа. 

“Нам байртай боллоо, ашгүй минь гэж”, “Аргагүй мөнгөтэй хүн өөр загнах юм даа”, “Дарга байгаа болов уу” гэсэн үг үүдээр оронгуут салхилах салхитай хамт чихний хажуугаар өнгөрнө. Цүнх бариулсан, цүнх барьсан, даргатай уулзах гэсэн хүмүүс байрны үүдэн хэсгийг дүүргэжээ.Хүлээн авагчийн үгнээс сонсвол өмнө нь ийм хөл хөдөлгөөнтэй байгаагүй аж. 

Шат өндөрсөх тусам хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нэг ч зүйлийг та олж харахгүй. Магадгүй та элдэв зорилгогүй тийшээ орвол харгалзагч юм уу, хамгаалагчид загнуулж мэднэ. Зорилгогүй хүн битгий хэл, хөгжлийн бэрхшээлтэй хүн орвол хөөгдөж гарах нөхцөл байдал энэ барилгад бий болжээ. Магадгүй өмнө нь би энэ хаалгаар орсон бол өөр байж болох юм. Одоо энэ барилга өөр шүү дээ. Намынх болсон. 

 

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Барилга барих тусгай зөвшөөрөл олгох тухай 431-р захирамжаар “Төгс эрдэм сан” ТББ-д Сургалтын төв байгуулах зориулалтаар энэ газрыг олгожээ. “Сургалтын төв” гэдэг үгийг та онцгойлон харах хэрэгтэй. “Намын байр”, “Худалдааны төв”, “Оффисийн барилга” гэсэн зориулалтыг засаг дарга тушаал гаргахдаа огт дурьдаагүй байгаа биз...

Өөр дарга

Тэнд барилга дүрсээ өөрчилж байхад, энд улстөрийн томоохон хүчин даргынхаа дүрийг өөрчиллөө. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааг шууд хуулбарласан энэ системээр бол С.Эрдэнэ 2714.45 оноогоор бусад өрсөлдөгчөө хол хаяв. Олон нийт сонгосон болохоор түүнтэй маргалдах хүн АН дотор гарсангүй. Дарга болоод төд удалгүй байргүй удсан АН байртай болж орхилоо.

 
Гэрэл зургийг mpa.mn

Нөгөө л шуугиан дагуулсан “Шонхор” цамхаг. Газар олгогдсоноосоо хойш долоон жилийн дараа хоёр дахь удаагаа нэрээ өөрчилсөн нь энэ. Гэтэл энэ асуудлыг нам дотор нь хөндөх хүн нэг ч алга. Чухамдаа зарчимгүй хүн дарга болжээ. 

Сургалтын төв байсан энэ газар эдүгээ намын байр болж, шуугианы эзэн нь өөрөө намын дарга болжээ

Нэгэн жишээ дурьдахад Австралийн хөдөлмөрийн намын дарга 1975 онд өөрийн мэдлийн байраа улсын мөнгөөр томосгож, түүнийхээ төлөө карьераа дуусгаж байв. Тэр бусдын юмыг биш өөрийн юмыг засч, түүнийхээ төлөө огцорсон. 2002 онд Өмнөд Солонгосын Бусан хотын захирагч өөрийнхөө хөрөнгөөр хамаатнууддаа сонгуулийн үеэр бэлэг тарааж, сонгогчиддоо ном тараасан хэргээр ажлаа өгч байлаа. Энэ бол зүгээр л зарчмын асуудал. 

Сургалтын төв байсан энэ газар эдүгээ намын байр болж, шуугианы эзэн нь өөрөө намын дарга болжээ. Энэ талаар намын даргаас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй. Байранд нь тодруулах гэсэн боловч өрөөндөө байсангүй. 

“...Зарим нэг сэтгүүлчийн яриад байгаа шиг, өөр барилгыг өөр зориулалтаар ашигласан зүйл байхгүй. Зохих дүрэм, журмынх нь дагуу зөвшөөрөл авсан, тэр зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгаа... Энэ бол Л.Болормаа агсан нийтлэлээ түгээсний дараа С.Эрдэнэ өөрийн твиттер хуудсандаа хийсэн мэдэгдэл.  Энэ мэдэгдлийнхээ дараа хэвлэлийн бага хурал зарлаж, барилгыг тэр биш хамаатнууд нь барьсан болж таарав. Түүнийхээр бол С.Эрдэнийн зорилгыг хамаатнууд нь өөрчилж, өөрчилсөн байранд нь намаа оруулчихсан хэрэг. 

Төгсгөлийн оронд

Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд яг хэд байгааг тоолсон нарийн тодорхой тоо баримт байдаггүй. Харин 11,000 гэсэн багцаа судалгаа бий. 2010 онд авсан зориулалт, Хятадын засгийн газрын өгсөн тэтгэлэгээр бол тэд өнөөдөр сургалтын төвтэй байх байсан. Гэтэл одоо төв нь алга. 2015 онд энэ талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо тодруулга авах гэсэн боловч С.Эрдэнэ ямар ч тайлбар хийгээгүй.

Хийхгүй байсаар тэр намын дарга болж, байр нь намын байр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын төв битгий хэл, эрхийг хамгаалах ямар ч байр, сууц 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотод алга. Ердөө тэдэнд барилга барина гэсэн худал үг л үлдэж. Худал үг долоон жилийг тойрсоор өдийг хүрчээ. Хятадын засгийн газрын 30 тэрбум төгрөг хаашаа алга болсныг чухам хэн мэдэх вэ?

Энэ асуултад одоо хариулах хүн алга. Гагцхүү намын байр, намбайсан дарга хоёр л эргэлзсэн олон хүний урд хээв нэг торойн байна.